ХӨВСГӨЛ: Хөвсгөл нуурыг 100 мянга гаруй жуулчин зорин иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2024 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Байгалийн унаган төрхөөрөө давлагаалах Хөвсгөл нуурыг зорих жуулчдын тоо жил бүр нэмэгдсээр байна.
Энэ онд тусгай хамгаалалттай газрын нэвтрэх цэгээр дотоод, гадаад нийт 105229 жуулчин зорин ирж Хөвсгөл нуурыг үзэж, Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт буюу тусгай хамгаалалттай газарт аялсан байна.
Үүний дотор ОХУ-аас 4124 жуулчин Хөвсгөл нуурыг зорин иржээ.
ОХУ-аас ирж байгаа иргэд Хөвсгөл нуурыг үзэхийн зэрэгцээ завиар зугаалах, загасчлах, ууланд авирах, малчин айлын амьдралтай танилцахаар ирдэг байна.
Хөвсгөл нуур нь газар хөдлөлт, хагарлын хүчин зүйлийн нөлөөгөөр үүссэн, хойноосоо урагш сунаж тогтсон өндөр уулын бүсэд багтах цэвэр тунгалаг уст нуур юм.
Хөвсгөл нуурыг судалсан эрдэмтэд 7-8 сая жилийн настай гэж үздэг. Тунгалгаараа дэлхийд гуравдугаарт, нуурын мандлын талбайн хэмжээгээр Азид аравдугаарт, дэлхийд 14-т, Монголдоо Увс нуурын дараа, гүнээрээ Азид дөрөвт, цэвэр усны нөөцөөрөө Монголд нэгдүгээрт ордог.