ДУНДГОВЬ: “Үргэлж жавхаатай явах юмсан” тоглолт ардын дуу, хөгжмөөр үзэгчдийн сонорыг мялаана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-11-05 18:42:42
altantogos

Мандалговь, 2024 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын тайзнаа энэ сарын 8-нд монгол өв соёл, ардын урлагийг таниулах “Үргэлж жавхаатай явах юмсан” тоглолт болно.


Уг тоглолт нь Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Ж.Дэжид, Соёлын өв тээгч, Соёлын тэргүүний ажилтан Ё.Пагмасүрэн нарын хамтарсан уран бүтээл юм. Тоглолтод уран бүтээлч Ж.Дэжидийн дүү, Соёлын тэргүүний ажилтан, бэлтгэл хошууч Ж.Отгонбаяр, охин Ш.Саранчимэг, соёлын өв тээгч Ё.Пагмасүрэнгийн охин, дэд хурандаа Э.Доржпагам, Э.Цэвэлмаа нар оролцон тоглох юм.


Хоёр уран бүтээлч өөрсдөө тоглолтыг найруулж, хөтөлж, ардын хөгжмөөр хөгжимдөж, магтаал уншиж, ардын дууг аялгуулан хоолой салгаж дуулах нь онцлог.


Соёлын тэргүүний ажилтан Ж.Дэжидээс тоглолтын тухай тодруулахад, “Энэ тоглолт маань их онцлогтой болох гэж байна. Соёлын бүтээлч сар эхэлж байгаа болохоор бид хоёр баяртай байгаа. Бид тоглолтоо найруулж, өөрсдөө бүх зүйлийг хийж байгаа нь онцлог. Шанз, хуучир, баянхуур хөгжим тоглож, Дүүриймаа, Сэрэвгэр хадны зэрэглээ дууг хоолой салган дуулж, Уртын дууны өөжинг баянхуур хөгжимтэй дуулж, Эрдэнийн дөрвөн гайхамшиг магтаалыг 4 утастай хуучир хөгжимтэй унших гээд монгол өв соёл, ардын сайхан дуу, магтаалаар иргэдийнхээ сонорыг мялаасан тоглолт болно” гэлээ.


Соёлын тэргүүний ажилтан Ж.Дэжид 1954 онд төрсөн. 1980 онд Улсын багшийн дээд сургуулийн дуулаачийн ангийг хор местер дуулаачийн мэргэжлээр төгсөж, Улсын дуурь бүжгийн академик театрт 45 жил ажиллаж, тэтгэвэртээ гараад нутагтаа ирж ажилласан уран бүтээлч юм.


Тэрээр 2005 оноос тус аймгийн Театр киноны хүрээлэнд хор местер багшаар ажиллаж, энэхүү хүрээлэнг Төв халхын дуулалт жүжгийн театр болоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн ба 2022 он хүртэл театртаа ажиллажээ.        


Өөрийнхөө уран бүтээлийн тухай Ж.Дэжид: “Улсын дуурь бүжгийн академик театрт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар төрийн шагналт Х.Уртнасан, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Ж.Пүрэвдорж, Г.Хайдав, Жамьянжав, Д.Баадайжав, Г.Батсүх зэрэг монголын алдартай уран бүтээлчидтэй ажиллаж байлаа. “Онегин”, “Пуччини Чио Чио сан”, “Түрандот”, “Русалка” болон УГЗ Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой”, Намдагийн “Амарсанаа дуурь”, Гончигсумлаагийн “Жаргалын зам”, “Шарай голын гурван хаан” зэрэг 30-аад дуурьт оролцон тоглосон байна.


Энэ үед хөдөө орон нутаг, хилийн заставаар дуулж, Д.Пүрэвдоржийн зохиол “Сэгс цагаан богд”, “Хөх даалимбан тэрлэг”, Ш.Дулмаагийн “Хүүгийн эцэгт бичсэн захидал” зэрэг яруу найраг, Б.Лхагвасүрэнгийн “Шагнал” шүлэг, Ж.Барамсайн “Үүрэг” зэрэг өгүүллэгүүдийг уншиж, тоглолтыг хөтөлдөг байлаа.


2006 онд аймгийнхаа театрт Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийг үндэсний хөгжим дээр хөрвүүлэн удирдаж, уг дуурийг найруулан тоглуулж, урлагийн гавъяат зүтгэлтэн С.Дашнямын хөгжим, Соёлын тэргүүний ажилтан Х.Шонхорын зохиол “Гэгээрхүй ариусахуйн учир” дуулалт жүжгийн гол дүр Янсгаржавын дүрийг бүтээж, 2007 оны “Гэгээн муза” улсын уралдааны эмэгтэй шилдэг дүрийн номинацид шалгарсандаа баяртай байдаг даа.


Түүнээс хойш тасралтгүй л аймгийнхаа ахмадууд, залуучуудтай хамтраад ажиллаж байна, хүүхэд залуусыг дуучин болох замд нь хөтлөн оруулах их хүсэл тэмүүллээр сургалт хийж байна.


Залуучууд маань ардын дуугаа зөв дуулж сурах хэрэгтэй. Орчин үед үгийг нь өөрчилж дуулж байна. Жишээ нь, Цагаан сар дуу байна. Монголчуудын үндэсний их баяр Цагаан сар, энэ их өв соёлтой холбогддог дуу шүү дээ. Тиймээс бид хоёрын хувьд тоглолтоо “Үргэлж жавхаатай явах юмсан” гэж нэрлэдгийн учир энэ юм. Бид энэ аугаа өв соёлоо хүүхэд залуучууддаа өвлүүлэх учиртай” гэлээ.


Соёлын тэргүүний ажилтан, соёлын өв тээгч Ё.Пагмасүрэн 1982 оноос Дундговь аймгийн Соёлын ордонд дагалдан жүжигчин, мэргэжлийн жүжигчин, гоцлол дуучин, хөгжимчин, Төв халхын дуулалт жүжгийн театрт хөгжимчнөөр ажиллаж байсан.

Тэрээр 34 жил урлагийн салбарт ажиллаж, Бүх ард түмний урлагийн их наадмын мөнгө, хүрэл медалиар шагнуулж, “Хөдөөгийн одод” улсын уралдааны тусгай байрт шалгарч, 2018 онд “Соёлын өв тээгч” болсон уран бүтээлч юм. 



Холбоотой мэдээ