Америкийн сонгуулийн сурталчилгааны зардал 16 тэрбумд хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгчийн болон Конгрессын хоёр танхимын гишүүдийг сонгох сонгуулийн кампанит ажлын нийт зардал 15,9 тэрбум долларт хүрсэн байна. Энэ тоог өчигдөр Америкийн OpenSecrets гэдэг төрийн бус байгууллагаас гаргасан мэдээлэлд дурджээ.
Харьцуулваас, 2020 оны сонгуулийн сурталчилгаанд 15,1 тэрбум доллар,
2016 оны кампанит ажилд “ердөө” 6,5 тэрбум долларыг тус тус зарцуулж байжээ.
Энэ удаад Ардчилсан намаас нэр
дэвшигч Камала Харрисын сонгуулийн штаб нийтдээ 1 тэрбум долларын хандив
цуглуулснаас 40 хувь нь жижиг хандивлагчдаас ирүүлсэн мөнгө юм. Үлдсэн 586 сая
доллар нь Улс төрийн үйл ажиллагааны хороо /PAC/ гэдэг лоббичдын байгууллагаас өргөсөн
хандив ажээ. Тухайлбал, тэрбумтан Майкл Блүүмбэрг 93 сая доллар хандивласнаар К.Харрисын
хамгийн том хандивлагч болсон бол Жорж Сорос PAC-аар дамжуулан 56 сая доллар
өгсөн байна.
Харин Харрисын өрсөлдөгч Д.Трампын штаб шууд хандив хэлбэрээр 382 сая доллар цуглуулсан бөгөөд энэ мөнгөний 28 хувь нь жижиг хандивлагчдаас иржээ. Харин лоббичдын бүлгээс 694 сая доллар хандивласан байна. Тэдний дотроос Трампад хамгийн их мөнгө өгсөн хүн бол 82 настай тэрбумтан Тимоти Меллон /197 сая доллар/ юм. Түүнчлэн ложистикийн үйлчилгээ эрхэлдэг Uline компанийн эзэн, тэрбумтан Ричар Уилейн гэргийн хамтаар, эмч М.Адельсон, SpaceX, Tesla компаниудыг үүсгэн байгуулагч И.Маск нар 100 сая гаруй доллароор Трампыг дэмжсэн байна.
Үүний зэрэгцээ зар сурталчилгааны AdImpact компанийн хийсэн тооцоогоор, 2024 оны сонгуулийн рекламын
зардал 10,5 тэрбумд хүрсэн байна. Жишээ нь, нэр дэвшигчдийг цахим орчинд
сурталчлахад 419 сая долларын зардал гарчээ.