СЕХ-ны гишүүд Гүржийн парламентын сонгуулийн явцыг ажиглажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Д.Баяндүүрэн, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан референт Б.Уянга нар Гүрж улсын Сонгуулийн төв хорооны урилгаар парламентын сонгуулийн үйл ажиллагааг ажиглажээ.
Тус улсын нэг танхимт парламентын 150 гишүүнийг сонгох сонгуулийн санал хураалт өнгөрсөн сарын 26-ны өдрийн 08:00 цагт эхэлж, 20:00 цагт дууссан байна. Энэ удаагийн сонгуулийг Үндсэн хуульд 2017 онд оруулсан өөрчлөлтийн дагуу хувь тэнцүүлэх буюу пропорциональ тогтолцоогоор явуулсан бөгөөд саналаа өгсөн сонгогчийн 5 хувийн санал авсан нам эвсэлд суудал хуваарилах зохицуулалттай. Парламентын гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил.
Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй 3.5 сая сонгогч 3111 санал авах байр, 42 улсын 67 дипломат төлөөлөгчийн газарт санал өгсөн байна. Гадаад дахь сонгогчдын тоо 95,910 байсан нь 2020 оныхоос 42 хувиар өссөн үзүүлэлт аж. Нийт нэр дэвшигчдийн 29 хувь нь эмэгтэй ба ирц 59 хувьтай байв. Энэ удаагийн сонгуулийн онцлог нь сонгогчдын 90 хувийн саналыг санал тоолох автомат төхөөрөмжөөр уншуулжээ. Харин алслагдмал санал авах байр болон гадаад улс дахь сонгогчдын саналыг уламжлалт аргаар буюу хайрцагаар авч, гар аргаар тоолсон байна.
"Гүржийн мөрөөдөл" нам 2012 оноос өнөөг хүртэлх хугацаанд парламентад олонх болж байсан бол энэ
удаагийн сонгуулиар ч мөн адил 53,92 хувь буюу дийлэнх саналыг авч, ялалт байгуулжээ.
Харин нийт саналын 5 хувийг авах босгыг давсан сөрөг хүчний дөрвөн эвсэл
парламентад суудалтай болов. Тэдгээр дөрвөн эвсэл нийт сонгогчийн 37,78 хувийн
санал авсан аж.
Гүрж улсын парламентын сонгуулийг
68 төрийн бус байгууллагын 2602, олон улсын 51 байгууллагын 512 ажиглагч
ажиглав гэж СЕХ-ноос мэдээллээ.