Ниссан компани 9 мянган ажилчнаа цомхотгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-11-09 13:01:49

ТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 9 /NHK/. Японы автомашин үйлдвэрлэгч Ниссан компани 9 мянган ажлын байрыг цомхотгож, үйлдвэрлэлийн хүчин чадлаа бууруулна гэдгээ мэдэгдлээ. Энэ нь Хойд Америк дахь борлуулалт буурч, зардал нэмэгдсэнээс үүдэн цэвэр ашгийн хэмжээ 94 хувиар буурсантай холбоотой ажээ.

Энэ оны 4-9 дүгээр сарын хугацаанд цэвэр ашиг 19,2 тэрбум иен /125 сая доллар/ болж буурсан бол борлуулалт өнгөрсөн оныхтой харьцуулахад 1,3 хувиар буурч 5,9 их наяд иен буюу 39 тэрбум доллар болсон байна.


Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашины борлуулалт Хойд Америкт нэмэгдэж байгаа нь Ниссаны борлуулалт багасахад нөлөөлсний зэрэгцээ үйлдвэрлэлийн зардал нэмэгджээ. Иймээс тус компани дэлхий даяарх салбаруудынхаа үйлдвэрлэлийн хүчин чадлыг 20 хувиар бууруулж, 2027 оны гуравдугаар сар гэхэд 9 мянган ажилчнаа цомхотгох ажээ.


Компанийн ерөнхийлөгч бөгөөд ерөнхий захирал Утида Макото хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэхдээ, эдгээр алхам нь тус компанийг сэргээхэд чиглэсэн гэдгийг онцоллоо. Мөн бүтцийн өөрчлөлтийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ ирэх оны дөрөвдүгээр сард удирдлагын тогтолцоог шинэчлэх асуудлыг хэлэлцэх ажээ.  

Холбоотой мэдээ