ДАРХАН-УУЛ: Хонгор сумын цэцэрлэгт хүрээлэнд хамгийн олон мод тарьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Тэрбум мод, Ногоон Дархан-2032 хөтөлбөрийн хүрээнд жил бүрийн хавар, намар мод тарих ажлыг аймгийн Байгаль орчны газраас төрийн болон төрийн бус байгууллага, ААНБ-уудтай хамтран зохион байгуулж байна. Энэ жил хамгийн олон модыг Хонгор сумын цэцэрлэгт хүрээлэнд тарьсан байна.
Тодруулбал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын санхүүжилт, дэмжлэгтэйгээр Хонгор сумын цэцэрлэгт хүрээлэнд зураг төсөв, ОГ/202403005 тоот гэрээний дагуу 6 га талбайд найман төрлийн нийт 12000 мод тарьжээ.
Уг ажлыг ойн мэргэжлийн байгууллага "Моёт" ХХК гүйцэтгэсэн бөгөөд хаврын тарилтаар 11700 навчит мод, намрын тарилтаар 300 шилмүүст мод тарьж, арчилгаа цэнэг усалгаа хийсэн байна.
Уг цэцэрлэгт хүрээлэн нь 2023 онд шинээр байгуулж, нийт 12 га талбайд Хонгор сумын, сум хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил, хашаа болон ногоон байгууламжид мод тарих ажлыг мэргэжлийн байгууллага болон "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-тай хамтран гүйцэтгэжээ.