ГОВЬ-АЛТАЙ: Төрийн албан хаагчдын хууль эрх зүйн орчныг сайжруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-11-11 17:31:55

Говь-Алтай, 2024 оны 11 дүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын ажлын баг Говь-Алтай аймагт ажиллаж, салбарын хяналтын чиглэл болон төрийн албан хаагчдын дунд хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар сургалт мэдээлэл өгөв. 


Тодруулбал, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тандалт судалгааны багийн судлаач, ахлах референт Т.Оюунаар ахлуулсан ажлын баг Говь-Алтай аймагт ажиллалаа. Хяналт, үнэлгээний үндэсний хорооны ажлын алба болон Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит, салбарын хяналтын чиглэл болон төрийн албан хаагчдын дунд хууль эрх зүйн орчин, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр 21 аймагт сургалт, хэлэлцүүлгийг хийж байна.  


Тус сургалт, хэлэлцүүлгийг аймгийн ЗДТГ, төрийн захиргааны байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагын удирдлагууд, бодлого төлөвлөлт, тайлагналт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалт, дотоод хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэгч албан хаагчдад  зохион байгуулсан юм. 


Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Төрийн албаны шинэчлэл бодлогын хүрээнд чадахуйн зарчимд суурилсан оновчтой бүтэц бүхий төрийн албыг бэхжүүлж, төрийн албан хаагчийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ сургалтыг зохион байгуулж байна.


Цаашлаад хяналт шалгалтын тогтолцоог сайжруулж, олон улсын үнэлгээний цогц системийг хөгжүүлж, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийн үнэлгээг боловсронгуй болгох зорилтын хүрээнд шинээр болон шинэчлэн боловсруулсан журмын төслүүдийг танилцуулах, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч байгаа тухай ЗДТГ-аас мэдээллээ. 


Сургалт процессын дахин инженерчлэл, өргөдөл гомдлын шийдвэрлэлт, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдал болон үнэлгээ мониторинг хийх үе шатыг олон улсын арга, аргачлалын дагуу боловсруулах зэрэг сэдвийн хүрээнд явуулсан байна. Мөн Үнэлгээ мониторингийн эрх зүйн орчин, тогтолцоо, шинэчлэлийн бодлогын талаар “Мониторинг хийх нийтлэг журам”, “Үнэлгээ хийх нийтлэг журам”, “Төрийн байгууллагын гүйцэтгэлийн удирдлагыг дүгнэх журам” зэрэг гурван журмын төслийн танилцуулгыг хийж сургалт хэлэлцүүлэгт оролцсон алба хаагчдаас санал авлаа.

Холбоотой мэдээ