Испани: Үерийн уршгийг арилгахад 3.76 тэрбум евро нэмж зарцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-11-12 10:10:37

МАДРИД, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /AFP/. Испанид нүүрлэсэн үерийн гамшгийн уршгийг арилгахад зориулсан 10.6 тэрбум еврогийн тусламжийг 3.76 тэрбум еврогийн багцаар нэмэгдүүлж байгаа тухайгаа тус улсын Ерөнхий сайд Педро Санчес даваа гарагт зарлажээ.


Испанид хамгийн олон хүний амь насыг авч одсон байгалийн гамшгийн уршгийг арилгахаар Санчесийн хэрэгжүүлж буй арга хэмжээг олон нийт шүүмжилсээр байгаа юм. 10 дугаар сарын 29-нд Газар Дундын тэнгисийн хүчтэй шуурганы нөлөөгөөр үерийн аюул нүүрлэжээ.


Үерийн гамшиг тус улсын ихэнх нутаг дэвсгэр, ялангуяа зүүн нутгийн Валенсия мужид ихээхэн хохирол учруулж, 220 гаруй хүн амиа алдсан байна. Сэрэмжлүүлэх системийн ажилтнууд нөхцөл байдлыг зөв үнэлж чадаагүйн улмаас дэд бүтэц сүйдэж, хэдэн өдрийн турш тусламж үзүүлэх боломжгүй байв.


Үерийн үеийн тусламжийг COVID-19 цар тахлын үеийнхтэй харьцуулж буй П.Санчес Засгийн газар шаардлагатай бүх тусламж дэмжлэгийг шаардлагатай хугацаанд үзүүлэх болно гэж хэлсэн байнаТэрбээр Засгийн газрын хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, гудамж талбайг цэвэрлэх, гараашийн усыг зайлуулах, дэд бүтцийг сэргээн засварлах шаардлагатай байгаа, гэхдээ юуны түрүүнд олон хүний ​​амь насыг аварч, олон орон байрыг засварлаж, олон бизнесийг хэвийн байдалд эргэн оруулах хэрэгтэй байгааг онцолжээ.


Гамшигт нэрвэгдсэн бүс нутгууд руу олон мянган цэрэг, цагдаа, гал сөнөөгч болон онцгой байдлын албан хаагчдыг илгээсэн байна. Даваа гарагт П.Санчес хэлэхдээ, ерөнхийдөө бүх байшин барилгын цахилгаан эрчим хүч, телефон утасны үйлчилгээг сэргээсэн, гэхдээ авто зам, төмөр замыг засахад илүү их цаг хугацаа шаардагдана гэдгийг дурджээ. Үндэсний төмөр замын Ренфе компани Мадрид-Валенсия чиглэлийн өндөр хурдны шугамын хөдөлгөөн пүрэв гаргаас хэвийн үргэлжилж эхэлнэ гэж мэдэгдсэн байна.


Засгийн газрын зүгээс үерийн эсрэг авсан хариу арга хэмжээг иргэд шүүмжилж, эсэргүүцлийн жагсаал хийжээ. Хамгийн том жагсаал Валенсия хотод болсон бөгөөд 130 мянга орчим хүн Ерөнхий сайд П.Санчес болон Валенсиягийн консерватив удирдагч Карлос Мазоныг огцрохыг шаардсан байна. Харин П.Санчес огцрох шаардлагыг үл тоомсорлож, сэргээн босгох ажилд анхаарал хандуулж байгаагаа мэдэгджээ. Пүрэв гарагт мужийн парламентад үерийн гамшгийн эсрэг засаг захиргааны авч хэрэгжүүлсэн хариу арга хэмжээг тайлбарлахаар дуудагдсан К.Мазон алдаа гарсан байж магадгүй хэмээн хэлээд, хүн бүхэн тэдгээрийг хянан үзэх үүрэгтэй гэж хэлжээ.

 



Холбоотой мэдээ