ДУНДГОВЬ: "Өсвөрийн аврагч-2024" тэмцээнд “Шонхор” бүлэг гурав дахь жилдээ түрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-11-12 13:03:22
altantogos

Мандалговь, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Мандалговь хотод "Өсвөрийн аврагч-2024" аймгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж, Эрдмийн далай сургуулийн “Шонхор” бүлэг гурав дахь жилдээ түрүүллээ.

 

Тэмцээнд Сайнцагаан сумын сургуулиудын өсвөрийн аваргч 5 бүлгийн 35 суралцагч оролцож, хурд хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлджээ.


Тус тэмцээн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн суралцагчдад авхаалж самбаагаа сорин аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх мэдлэг чадвар эзэмшүүлж, тэсвэр хатуужилд сургах зорилготой. Энэ жилийн хувьд зөвхөн 12 дугаар ангийн суралцагчдын дунд зохион байгуулжээ.


“Өсвөрийн аврагч-2024” тэмцээний оролцогчид танхимын сургалтад хамрагдаж, танин мэдэхүйн асуулт, хариултын тэмцээнд оролцон мэдлэгээ сорьж, усанд осолдсон хүнийг аврах, гал унтраах, химийн хордолтын бүсэд ажиллах зэрэг хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

 

Тэмцээний тэргүүн байрт Эрдмийн далай сургуулийн Энхцэцэг багштай “Шонхор”, хоёрдугаар байрт Мандал сургуулийн Ууганбаяр багштай “Алтан шонхор”, гуравдугаар байрт Говийн ирээдүй цогцолбор сургуулийн Өнөболд багштай “Сүлд”, тусгай байрт Хүмүүнлэг сургуулийн Тогоохүү багштай “Мөнгөн шонхор” баг тамирчид шалгарлаа.


Тэмцээнийг Дундговь аймгийн ИТХ, ЗДТГ, Онцгой байдлын газар, Дэлхийн зөн ОУБ-ын Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төслөөс хамтран зохион байгуулжээ.




Холбоотой мэдээ