ӨВӨРХАНГАЙ: Ю.Ганхуяг: Ойн аж ахуйг хувьчилсан нь өнөөгийн ойн хомсдол, доройтол үүсэх шалтгаан болсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-11-13 09:38:40

Арвайхээр, 2024 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол улсад ой, модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ жил тохиож байна. Тэмдэглэлт ойг тохиолдуулан БОАЖЯ-наас 2024 оныг “Ойн жил” болгон зарласан юм.

Энэ хүрээнд Өвөрхангай аймгийн ой, модны салбарын түүхэн замнал, өнөөгийн байдлыг аймгийн Байгаль орчны газрын Ойн нэгжийн дарга Ю.Ганхуягаас тодруулж ярилцлаа.

 

-Ой, модны салбар анх хэрхэн байгуулж байсан талаар товч мэдээлэл өгнө үү?

-Ардын түр Засгийн газрын 1924 оны 9 дүгээр сард хуралдсан 39 дүгээр хурлаар байгуулсан Аж ахуйн явдлын яамны зургаан хэлтсийн нэг нь “Ой модны хэлтэс” байв. Тус хэлтэст ой мод, ан амьтныг хамгаалах, зохистой ашиглах асуудлыг хариуцуулсан байдаг. Улмаар Аж ахуйн явдлын яамны 1924 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 05 тоот шийдвэрээр Монгол улсад анхны дөрвөн ой ангийг байгуулсан нь орчин цагийн ой модны салбар үүсэж хөгжих үндэс суурь болсон юм.


Харин Өвөрхангай аймаг 1931 онд байгуулсан тул ойн салбарын түүх энэ үеэс эхэлсэн гэж үздэг. 1931 онд аймгийн Захиргааны Мал аж ахуйн хэлтсийн дэргэд ойн байцаагч, ойн цагдаа гэсэн найман хүний бүрэлдэхүүнтэйгээр “Ойн тасаг”-ийг байгуулж, түлээ модыг төлбөртэй ашиглуулах, ой ашигласны төлбөр буюу “гоожин” бичих, хяналт тавих, зөвшөөрөлгүйгээр мод түлээ, ургамал ашигласан хүнд хуулийн дагуу арга хэмжээ авах, самар, жимсний модыг гэмтээхийг хатуу хориглон журамлах ажлыг гүйцэтгэж ирсэн байна.

 

Ой, ан хамгаалагч нар 1983 он

Ойн байгууллагын үүрэг хариуцлага дээшилж, ажиллах хүрээ нэмэгдэн 1940 онд “Ой анги”, 1964 онд “Ойн аж ахуй”, 1979 онд “Ойн агнуурын аж ахуй” хэмээн нэрлэгдэх болсон. 1976 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор улсын хэмжээнд анхны иж бүрэн механикжсан Мод үржүүлгийн дөрвөн газар байгуулсны нэг нь Хархорин суманд байв.


Хархорины Хөгшиний хөндийд тариалангийн талбайг хамгаалах ойн зурвас, 56 га талбай бүхий иж бүрэн усалгаатай Мод үржүүлгийн газар байсан нь өмч хувьчлалын алдаатай бодлогын золиос болж, үрэгдэж алга болсонд тэнд ажиллаж, бүтээн босгож байсан хүмүүс харамссаар байдаг.


Ойн анги Арвайхээр хотод байршин ажиллаж байгаад 1997 онд тухайн үеийн төр засгийн шийдвэрээр хувийн хэвшлийн аж ахуйн нэгж болсон. Ойн аж ахуйг хувьчилснаар орон нутагт бүтээж бий болгосон материаллаг бааз, техник, тоног төхөөрөмж алга болж, ой хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ажил эзэнгүйрч, ойг хараа хяналтгүй хууль бусаар ашиглах явдал газар авч, өнөөгийн ойн хомсдол, доройтол үүсэх шалтгаан болсон юм.


-Одоо Ойн нэгж нь ямар бүтэцтэй ажиллаж байна вэ?

-2007 онд Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар үндэсний хэмжээнд Ойн агентлаг, аймаг нийслэлд Ойн нэгж, сумын түвшинд сум дундын болон сумын Ойн анги байхаар тусгасан. Энэ дагуу аймгийн Засаг даргын 2009 оны 149 тоот захирамжаар БОАЖГ-ын харьяанд Бат-Өлзий сумын сум дундын Ойн ангийг байгуулсан.


Одоогийн байдлаар Сум дундын Ойн анги, Ойн нөхөрлөл, Ойн мэргэжлийн байгууллага гэсэн ерөнхий бүтэцтэй байна. Аймгийн 8 суманд ой хамгаалах 51 нөхөрлөл, 4 аж ахуйн нэгж 70180 га ойн санг хариуцан ажилладаг. Бат-Өлзий, Хужирт, Арвайхээр, Зүүнбаян-Улаан, Хархорин, Баруунбаян-Улаан суманд ойн мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрөлтэй 16 аж ахуйн нэгж мод үржүүлэг, ойжуулалт, ойн арчилгаа, цэвэрлэгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.


-Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрийн хэдэн хувийг ой мод эзэлдэг вэ?

-Аймгийн ойн сан нь нутаг дэвсгэрийн 4 орчим хувь буюу 175953 га талбайг эзэлдэг. 18728.6 мянган шоо метр нөөцтэй. Ойн сангийн 85.3 хувийг шинэсэн ой, 13.4 хувийг хушин ой, 1.3 хувийг хус, бургасан улиангаран ой эзэлдэг. Монгол орны шилмүүст ойн хамгийн урд захад оршдог, экологийн чухал ач холбогдолтой юм. Мөн Богд, Гучин-Ус, Төгрөг, Баруунбаян-Улаан сумын нутгаар 126171 га талбайд заган ой /хайсангийн заг/ ургадаг. Нийт ойн сангийн 60 хувь нь улсын тусгай хамгаалалттай газарт байна.


-Ойг нөхөн сэргээх чиглэлээр ямар ажлууд хийж байв. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэр үр дүнтэй хэрэгжиж байгаа вэ?

-Ойг үрээр болон мөчрөөр нь тарьж ургуулах ажил 1960 оноос эхлэн хийж, 1960-1971 онд Зүүнбаян-Улаан сумын нутаг Эмтийн талд, 1971-1976 онд Хархоринд, 1976 оноос Хужирт сумын төвд мод үржүүлгийн талбай байгуулан мод бутны үр, мөчир тарьж ургуулдаг, бойжуулсан тарьц, суулгацыг төв суурин газрын тохижилт, тариалангийн талбайн хөрсийг салхины эвдрэлээс хамгаалах ойн зурвас болон ойжуулалт хийхэд ашигладаг байв.


Сүүлийн жилүүдэд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Өвөрхангай аймаг нэгдэн 2030 он хүртэл хугацаанд 20 сая мод тарих нарийвчилсан төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна. Төв сууринд мод тарьж ургуулахаас гадна ойжуулалт, ойг нөхөн сэргээх, говийн бүсдээ заган ойн зурвастай болох зорилтуудыг тавьж байгаа.

Эхний ээлжинд орон нутгаас тарьц суулгацын нөөц бүрдүүлэх бодлого баримталж, мод үржүүлгийн газруудыг дэмжин ажилласнаар аймгийн хэмжээнд Мод үржүүлгийн 20 газар байгуулж, 5.7 сая тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлээд байна. Үүний 1,2 сая орчмыг ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтэд шилжүүлж, өөрийн аймгийн хэрэгцээг хангах боломжтой болсон.



Аймгийн хэмжээнд 1 сая, 137 мянган мод таригдаж, амьдралт дунджаар 70 хувьтай байна. Жилд тарих модны тоо, ургалтын байдалд ахиц дэвшил гарч байгаа. Аймгийн Мод үржүүлгийн томоохон газруудаас төвлөрсөн газар тогтоогоод усалгаа, хамгаалалтыг шийдээд өгвөл мод тарьж өгье гэсэн санал тавьж байгаа учраас ирэх жил Онги гол дагуу 100-150 га талбайг ойжуулах ажлыг эхлүүлнэ. Мөн ойн зурвас байгуулах шаардлагатай газруудын судалгааг гаргаж, ТЭЗҮ боловсруулах ажил хийнэ.

Ойг нөхөн сэргээх, мод тарихаас гадна ой модоо хамгаалах ажлыг давхар хийх ёстой. Ойн хөнөөлт шавжийн тойм судалгааг аймгийн ой бүхий газруудаар хийж, 2021-2024 онд улс, орон нутгийн төсвөөр 80 мянган га талбайд устгал тэмцлийн ажлыг явуулаад байна.

 

-Таны хувьд аймгийн ойн салбарт хэдэн жил ажиллаж байна вэ?

-Би Политехникийн дээд сургуульд 1982-1987 онд суралцан мод боловсруулах инженер мэргэжлээр төгсөөд ой модны салбарт тасралтгүй 37 жил ажиллаж байна. 2001 оноос аймгийн Байгаль орчны газарт байгаль орчны хяналтын улсын байцаагч, ойн мэргэжилтэн, ойн нэгжийн даргаар ажиллалаа. Энэ оныг дуусгаад гавьяаны амралтаа авах болзлоо хангаж байна.

Салбарынхаа 100 жилийн ойг 9 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд Бат-Өлзий суманд тэмдэглэж, түүхэн хөгжил, ололт амжилт, цаашдын асуудлаа хэлэлцэн тодорхойлсон. 

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ