Армени, Азербайжаны нэхэмжлэлийг Хааг дахь НҮБ-ын шүүх хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-11-13 12:51:26

ХААГ, 2024 оны арваннэгдүгээр сарын 13 /BBC/. Уулын Карабах дахь нөхцөл байдлын улмаас арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай Конвенцыг зөрчиж байна гэж бие биеэ буруутгаж байгаа Азербайжан, Армени улсуудын нэхэмжлэлийг НҮБ-ын Олон улсын шүүх хэлэлцэхээр шийдвэрлэжээ.


Тус шүүх мягмар гарагт болсон хурлын үеэр бие биеийнхээ нэхэмжлэлийг энэ байгууллагын хэм хэмжээнд нийцэхгүй байна гэж мэдэгдсэн Армени, Азербайжаны эрх баригчдын аль алиных нь хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан байна. 


Үүний сацуу Азербайжаны талын бүх эсэргүүцлийг няцаасан боловч Арменийн талын эсэргүүцлийн заримыг нь хүлээж авчээ. Энэ нь Азербайжаны нэхэмжлэлийг хэлэлцэх үед цөөн асуудлыг хамарна гэсэн үг юм. Тодруулбал, шүүх  Карабах дахь анхны дайны үеэр болсон үйл явдлууд, мөн байгаль орчинд хор хөнөөл учруулсан гэж Арменийг буруутгаж байгаа хэргийг хэлэлцэхгүй.

2021 оны есдүгээр сарын 16-ны өдөр Армени улс арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай Олон улсын конвенцийг зөрчсөн гэж Азербайжаны эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хоёр жилийн дараа Азербайжаны тал хариуд нь мөн адил нэхэмжлэлийг Арменийн эсрэг гаргасан байна. 


Ереваны зүгээс ямар нэхэмжлэл гаргаж байна вэ?

2020 оны Карабахын дайнаас хойш нэг жилийн дараа Арменийн тал арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай Олон улсын конвенцыг зөрчсөн гэж Азербайжаныг буруутган Хааг дахь Олон улсын шүүхэд ханджээ. Тодруулбал, Карабах дахь армянчуудын эрхийг зөрчиж байна гэж буруутгасан байна. Энэ дайнд Арменийн тал ялагдсан юм. 


2023 оны есдүгээр сард Азербайжаны тал Карабахад цэргийн ажиллагаа явуулж, улмаар өөрийгөө зарлан тунхагласан Уулын Карабахын Бүгд Найрамдах Улсын эрх баригчид ийм улс оршин тогтнохгүй болсныг зарлаж, хэдхэн хоногийн дотор энэ улсын 100 мянга гаруй хүн Азербайжанаас дүрвэжээ. Энэ үед Азербайжаны эрх баригчид Азербайжан, Арменийн хооронд хуурай замын хилийн шалган нэвтрүүлэх боомт байгуулсан байна.


Армянчууд Карабахаас дүрвэж зугтахаас өмнө тус улс олон сарын туршид бүслэлтэд байсан юм. 2023 оны эхээр Азербайжаны тал Уулын Карабахын Бүгд Найрамдах Улсыг Армениас авсны дараа Карабах дахь армянчуудын хоол хүнс, эм тариа, цахилгаан, хийн хангамж тасалдаж эхэлжээ.


Баку ямар нэхэмжлэл гаргасан бэ?

2023 онд Азербайжан улс арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэмээн нэхэмжлэл гаргасан байна. Арменийн эрх баригчид азербайжанчуудын эсрэг үндэсний болон угсаатны гарал үүслээр нь ялгаварлан гадуурхах үйл ажиллагаа явуулсан бөгөөд одоо ч явуулсаар байна” гэж Баку мэдэгджээ. Мөн уг нэхэмжлэлд соёлын дурсгалт зүйлсийг устгасан гэж буруутгасан байна. 


1992 онд эхэлсэн дайны дараа Арменид амьдардаг азербайжанчууд бараг бүгд тэндээс дүрвэсэн бөгөөд олон жил өнгөрөөд байгаа хэдий ч аюулгүй байдлаа бодоод одоо ч буцаж  чадахгүй байгаа ажээ.


Карабахын эхний дайны үеэр Азербайжанаас дүрвэсэн армянчууд ч мөн ийм шалтгаанаар буцаж чадахгүй байгаа юм. 





Холбоотой мэдээ