Япон, АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан сургууль эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТОКИО, 2024 оны арваннэгдүгээр сарын 13 /RT/. Япон, АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан "Freedom Edge" сургуулилалт Зүүн Хятадын тэнгист эхэллээ гэж Японы Батлан хамгаалах яам мэдэгджээ. Тус гурван улс уг сургуулилалтыг зургаадугаар сараас хойш хоёр дахь удаагаа хийж байна.
"Freedom Edge24-2" сургуулилалтыг Япон, АНУ, Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд нарын гарын үсэг зурсан аюулгүй байдлын хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу явуулж байгаа бөгөөд уг санамж бичигт гурван тал Солонгосын хойг, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг, хилийн чанад дахь бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хангахад хувь нэмрээ оруулах үүрэг хүлээсэн” гэж БХЯ-ны мэдэгдэлд дурджээ.
Энэ удаагийн сургуулилалтад Японы талаас эскадрын мина зөөгч “Хагуро” хөлөг онгоц, “Orion P-3” эргүүлийн нисэх онгоц, “F-15”, “Mitsubishi F-2” сөнөөгч онгоцууд болон “Boeing E-767” нисэх онгоц, Өмнөд Солонгосын талаас эскадрын мина зөөгч хоёр хөлөг онгоц, “Orion P-3” эргүүлийн нисэх онгоц, “F-15” сөнөөгч онгоц оролцож байна.
АНУ-ын талаас цөмийн хөдөлгүүрт нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц, залуурт пуужингаар зэвсэглэсэн эскадрын мина зөөгч "Higgins", "McCampbell", "Dewey" хөлөг онгоцууд, шумбагч онгоц эсэргүүцэгч “Boeing P-8 Poseidon” эргүүлийн нисэх онгоц, “F-15”, “F-18” сөнөөгч онгоцууд, “Boeing KC-135” түлш цэнэглэгч тээврийн нисэх онгоцууд оролцож байгаа ажээ.
Японы Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, сургуулилалтын үеэр тав дахь үеийн сөнөөгч онгоцууд пуужингийн довтолгооноос хамгаалах, агаарын довтолгооноос хамгаалах, шумбагч онгоцноос хамгаалах цогц бэлтгэл сургууль хийхээс гадна далайн дээрэмчдийн дайралт болон кибер халдлагыг няцаах тактик боловсруулна.
Гурван улсын анхны ийм сургуулилалт Зүүн Хятадын тэнгист зургаадугаар сард болсон юм.
“Freedom Edge” гэдэг нь АНУ-ын Өмнөд Солонгостой хамтран хийдэг “Freedom Shield”, Японтой хамтран хийдэг “Keen Edge” гэсэн цэргийн хоёр томоохон сургуулилалтын нэрсийн нийлбэр юм.