ЗАВХАН: Сарлагийн сүүгээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг сумандаа үйлдвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-11-13 17:26:01

Улиастай, 2024 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Завханы сарлагтай хоёр сум сарлагийн сүүг брэнд болгон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.


Үүний нэг нь Идэр сум юм. Идэр сум нь 2023 оны жилийн эцсийн мал тооллогоор 13.4 мянган толгой үхэр тоолуулж аймагтаа тавдугаар байрт оржээ. Ихэвчлэн сарлаг үхрийн сүрэгтэй. Тиймээс бодлогоор дэмжин сарлагийн сүүнээс үйлдвэрийн аргаар гаргасан бүтээгдэхүүнийг сумандаа үйлдвэрлэж байна.


Завхан аймаг Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд таван жилийн төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.


Сүү, сүүн бүтээгдэхүүний хувьд дотоодын үйлдвэрлэлээр хангасан сүүний хэмжээ өмнөх оноос өссөн үзүүлэлттэй. Хүн амын хэрэгцээний 57 хувийг нь сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангаж байна.


Завханы Идэр сумын "Анхил дөрвөн баатар" ХХК нь 2021 оноос хойш “Сарлаг” брэндийг үүсгэж, сарлагийн сүүгээр хийсэн төрөл бүрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж орон нутагтаа төдийгүй улсын хэмжээнд борлуулж байна. Тус компани малчдын гар дээрээс сүүгээ авч үйлдвэрлэлийн аргаар боловсруулж, эцсийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд зориулалтын сав баглаа боодолтойгоор хүргэж байгаа. Бэлчээрийн малын сүүг хүнсний технологичийн зааврын дагуу боловсруулж, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт хүргэх зорилготой. Одоо сумандаа 5-7 хүнийг ажлын байраар хангаж байна.


Өдөртөө 300-450 литр сүүг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Сарлагийн сүүн ааруул, шар тос, ээзгий, тараг, боловсруулсан сүү, цөцгий, масло, аарцыг үйлдвэрлэдэг.


Нэр төрлөө нэмж сарлагийн өрөм, зөөхийг худалдаанд гаргаад байна. Манайх бүтээгдэхүүнүүдээ сүү цагаан идээ боловсруулах уламжлалт технологийг хүнсний үйлдвэрлэлийн технологитой хослуулан амт чанартай гаргаж байгаагаараа онцлог. Тиймээс ч худалдан авалт, хэрэглэгчдийн тоо нэмэгдэж, борлуулалт ч өсөж байгаа.


Гол нь бэлчээрийн малын сүүг малчдын гараас худалдан авч, амт чанарт өөрчлөлт оруулахгүйгээр нэмэлт хольцгүйгээр сүү цагаан идээгээ боловсруулж буй юм. Манай сум сарлаг үхрийн тоо толгойгоор аймагтаа тэргүүлдэг. Мөн сарлаг үхрийн 50 гаруй хувь нь далайн түвшнээс 2000 метрээс дээш, 40 орчим хувь нь 1600-2000 метрийн өндөрт байршиж, бусад төрлийн мал бэлчихэд тохиромжгүй нутгийн аль соргог, бэлчээрт идээшдэг амьтан юм билээ.


Сарлагийн сүү маш өтгөн дунджаар тослог нь 7.2 хувь, уураг 5.3 хувь, чихэрлэг 5.2 хувь байх бөгөөд ялангуяа сааль татрах 9 дүгээр сараас бүр өтгөрч, 10-11 дүгээр сард тослог нь 9 хувиас 12 хувьд хүрдэг онцлогтой маш өтгөн сүүтэй.


Тиймээс сарлагийн сүүгээ үйлдвэрийн гол түүхий эдээ болгосон. Тэгээд ч сарлагийн сүүгээр хийсэн цагаан идээ нь амт сайтай байдаг тухай "Анхил дөрвөн баатар" ХХК-ийн захирал Б.Амраа ярив.

Тус компанийн сарлаг брэндийг Улаанбаатар хотод Дүнжингарав, Монгол фермер худалдааны төвүүдийн салбар дэлгүүрээс худалдан авах боломжтой.


Сумын сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийг сүүн бүтээгдэхүүнээрээ хангадаг

Сарлагаараа аймагтаа тэргүүлдэг Завханы Их-Уул сум нь 2023 оны жилийн эцсээр 35.9 мянган толгой үхэр тоолуулжээ. Үхэр сүрэгт сарлаг үхэр зонхилдог аймгийнхаа сүү, цагаан идээний 40 орчим хувийг нь хангадаг аж.

Тус сум сарлагийн сүү боловсруулж, пробиотек сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.


Үйлдвэрт Их-Уул сумын 21 малчны бүлэг сарлагийн сүү нийлүүлдэг байна. Өдөртөө 40-100 литр сүүг малчид нийлүүлдэг. Өглөө, оройны саамынхаа аль нэгийг нь сүүний үйлдвэрт өгдөг.


Өөрөөр хэлбэл нэг малчин өрх сарлагийн сүүгээрээ өдөрт 200-300 мянган төгрөгийн орлоготой байна гэсэн үг юм. Энэ нь малчин эмэгтэйчүүдийн ажлыг хөнгөвчилсөн, өдөр бүр орлоготой байх боломжийг олгоод буй юм. Малчид сүүний үйлдвэртэй гэрээ байгуулж, өдөр бүр ээлжээр сүүгээ нийлүүлж байна. Учир нь өмнө нь нэг малчин эмэгтэй өдөр бүр 20-60 үнээг өглөө, орой сааж саалиа өдөржин борлуулах гээд завгүй өнжих. Халуунд сүү нь гашлах, мөн сүү,цагаан идээгээ худалдах боломж тэр бүр олдохгүй байсан. Харин сумандаа сүүний үйлдвэртэй болсноор малчдын, ялангуяа малчин эмэгтэйчүүдийн өдөр тутмын ажлыг хөнгөвчилсөн, байнгын орлоготой байх боломжийг олгосон.


Сумын иргэд үйлдвэрийн аргаар боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүнийг байнгын шинээр нь хэрэглэх боломж ч бүрдсэн.

Сумын, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд өдөр бүр сумандаа үйлдвэрлэсэн сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг төдийгүй сүүн зайрмагийг гаднаас худалдаж авахгүй байна. Ажлын байр нэмэгдэж, орлоготой болсон гээд давуу талууд бий болоод буй юм гэж Их-Уул сумын ЗДТГ-ын дарга Н.Наранбаатар мэдээлэв.

"Их уулсын сарлаг" үйлдвэрийн бүтээгдэхүүн Их-Уул сум


Сарлаг брэнд. Идэр сум

Холбоотой мэдээ