ЗАВХАН: Онцгой байдлын албаныхан 14.7 мянган модыг тарьж ургуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024
оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Онцгой байдлын
газар Тэрбум мод үндэсний хөтөлбөрийг дэмжиж 2030 он хүртэл 350 мянган ширхэг
модыг тарьж ургуулна.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилготой “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Завхан аймаг дэмжиж үр дүнтэй оролцож байна.
Үндэсний хөдөлгөөний хүрээнд тус аймаг 2031 он хүртэл 10 жилийн хугацаанд 25 сая мод тарих зорилт тавин ажиллаж байна.
Эхний гурван жилд бэлтгэл ажил хангах суурь судалгаа хийх. Тарьц, суулгацын нөөц бүрдүүлэхэд онцгой анхаарчээ. Жил бүр хоёр саяас доошгүй мод, бут сөөг тарих зорилт дэвшүүлсэн байна. 2021 оны намраас эхлэн өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 1 сая 187112 ширхэг модыг тарьж ургуулжээ.
Аймгийн хэмжээнд хамгийн олон мод тарьсан байгууллага нь Онцгой байдлын газар бөгөөд тус байгууллага албаны хэмжээнд болон алба хаагч бүр жил бүр мод тарьж ургуулах ажлыг идэвхтэй тогтвортой хийж байна.
Завхан аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн захирагч дэд хурандаа Ч.Ууганбаяр:
-Танай байгууллага тэрбум мод хөтөлбөрийг идэвхтэй дэмжиж, хамгийн олон мод тарьжээ. 2030 он гэхэд нийт хэчнээн модыг тарьж ургуулах төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Завхан аймгийн Онцгой байдлын газар нь Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум
мод үндэсний хөдөлгөөнийг 2022 оноос эхлэн дэмжиж оролцож байна. Онцгой
байдлын албаны хэмжээнд 2030 он хүртэл нийт 380 мянган ширхэг модыг тарьж ургуулна. Ингэхдээ
алба хаагчид маань өөрийн эзэмшлийн хашаандаа 30 мянган ширхэг модыг тарина.
Жилд Онцгой байдлын албаны
хэмжээнд 43750 ширхэг, албан
хаагчид хашаандаа 3750 ширхэг мод тарихаар төлөвлөсөн байна.
Тухайлбал Завхан
аймгийн Онцгой байдлын газар Гал түймэр унтраах аврах 43 дугаар анги, Эрэн хайх аврах бүлэг гэхэд
15600 гаруй ширхэг модыг, Улсын
нөөцийн салбар 6050 ширхгийг тарихаар төлөвлөсөн. Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтэс,
Гал унтраах аврах 39 дүгээр анги
10450 ширхэг, Гал түймэр унтраах
аврах 57 дугаар анги 9375 ширхэг, Сонгино сум дахь Эрэн хайх аврах бүлэг 2200 ширхэг
модыг тус тус 2030 он хүртэл тарихаар төлөвлөсөн байна.
Өнөөдрийн байдлаар улиас, хайлс, шар хуайс гэхчлэн 7 төрлийн
мод өрөл жимс гэхчлэн жимсний мод гээд нийт 14710 ширхэг модыг тарьж ургуулсан
байна.
-Жил бүр тарьж байгаа модныхоо тарьц суулгацыг хаанаас авч
байгаа вэ? Өөрсдөө үржүүлж байна уу?
-Тэрбум үндэсний хөдөлгөөний хүрээнд агро ойн аж ахуйг хөгжүүлэх ажлын хүрээнд жимс жимсгэнэ, мод үржүүлгийн газруудад эзэмшлийн талбайтай болж жил бүрийн тарьц суулгацаа бойжуулж байна. Тухайлбал Улиастай суманд 6 га газарт “Аврагч төгөл” байгуулсан.
Тосонцэнгэл суманд 20 га газарт, Тэс суманд 10 мянган м2 газрыг, хашиж хамгаалалтын хайс татаж мод тарина. Сонгино суманд мод үржүүлгийн талбайд тарьц суулгацаа ч тарьж байна. Мод тарина нь гэдэг нүх ухаж, үр суулган чигжиж манаад, хувин ус хийчхээд явчихдаг зүйл биш юм. Тарьсан модыг нэгээс хоёр жил уйгагүй арчилж, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч, тогтмол ажиллаж байж л мод ургана. Тиймээс бид үндэсний хөдөлгөөнд оролцохдоо жил бүр модоо тогтмол тарина. Гэхдээ тарьсан мод бүрийг арчилж ургуулж тордоно гэсэн зарчмаар төлөвлөн ажиллаж байна. Ер нь бодитой тооцоолол хийж, хөтөлбөр, төлөвлөгөө гаргаж, үүнийхээ хэрэгжилтийг эргэн хянаж, судалгаа хийх замаар хөтөлбөрийг орон нутагтаа дэмжиж үр дүнтэй хэрэгжүүлнэ гэж бодож байна.
-Энэ жил хэчнээн мод тарив? Модны арчилгаа усалгаагаа хэрхэн
хийдэг вэ?
-Улиастай сумын
Жаргалант багийн “Гандан”-гийн хэсэг Чигэстэй голын ай сав газарт байрлах
Аврагч төгөлдөө 101 ширхэг өрөл
жимс, 200 ширхэг улиас, 50 ширхэг хайлс гээд 351 мод тарьсан байна. Харин алба хаагчид маань хашаандаа 732 мод тарьжээ.
Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтэс Гал түймэр унтраах аврах 39 дүгээр анги албаны хэмжээнд 300 ширхэг, алба хаагчид хашаандаа 277 модыг тарьжээ. Тэс сум дахь Гал түймэр унтраах аврах 57 дугаар анги албаны хэмжээнд 67 ширхэг мод, алба хаагчид хашаандаа 96 модыг тарьсан байна. Сонгино сум дахь Эрэн хайх аврах бүлэг албаны хэмжээнд 20 ширхэг мод, алба хаагчид хашаандаа 17 мод тарьсан байна.
Энэ жилийн тухайд Завхан аймгийн Онцгой байдлын газар нь албаны хэмжээнд 1266 ширхэг мод, алба хаагчид хашаандаа 2093 ширхэг мод тарьсан. Жимсний мод гэхэд 599, бусад төрлийн 2760 ширхэг мод гээд нийт 3579 ширхэг модыг тарьсан байна.
Түүнчлэн энэ намрын мод тарих өдрөөр Яруугийн хүрээний цэцэрлэгт хүрээлэнд бургас 110, шинэс 104, гацуур 6 ширхэг гээд нийт 220 модыг тарьжээ.
Алба хаагчид маань хуваарийн дагуу цэнэг усалгааг хийж, Аврагч төглийг эргэх, усалгааг хийх, хайс хамгаалалтын бүрэн байдлыг шалгах, засах сэлбэх гээд тодорхой ажлуудыг байнга хийж байна. 2022 оноос эхлэн тарьсан модны амьдралтын хувь 90-95 хувьтай сайн байгаа. Модыг тарихдаа бус тарьсан модоо арчилж тордож бойжуулах нь чухал юм.
Намрын улиралд тарьсан мод хаврынхаас илүү сайн ургадаг юм байна. Өнгөрсөн жил тарьсан моднууд гэхэд дунджаар 20-30 см ургаад байна.
"Тэрбум
мод" хөдөлгөөн багагүй тэвчээр, хичээл зүтгэл шаардаж тэр хэрээрээ
цөлжилт, шар шороон шуургыг багасгахад хувь нэмрээ оруулах юм шүү дээ. Түүнчлэн
хуурайшилтыг багасгахад мод сайн нөлөөтэй. Олон гамшгаас сэргийлнэ.
-Мод тарьж ургуулах нь гамшгаас сэргийлэхэд чухал нөлөөтэй
гэлээ. Тодруулж хэлбэл?
-Тийм ээ. Мод бидэнд онцгой их тус хүргэдэг экологийн хүчин зүйл. Тухайлбал мод хөрсийг эвдрэл, элэгдлээс хамгаалахаас гадна бохирдуулалгүй эрүүл байлгадаг хүчин зүйл юм. Мод, ургамал нь агаарын чийгшлийг 4-7 хувиар ихэсгэж, дуу чимээг намсгадаг. Зуны улиралд шороо тоосны 50 хувь, өвлийн улиралд 40 хувийг өөртөө шингээж агаарыг цэвэрлэдэг. Хамгийн гол нь цөлжилттэй тэмцэхэд мод тарих нь чухал. Энэ бол дэлхий нийтийн хамгийн эмзэг бөгөөд том асуудал юм.
Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтөөс болж байгалийн гамшгууд тохиолдож байна шүү дээ. Ган, зуд, шороон болон цасан шуурга гээд. Мод тарьж хот сууринаа ногооруулах нь ч олон талын үр дүнтэй. Би дээр хэллээ шүү дээ.
Гэх мэтчлэн мод тарьж ургуулах нь олон талын ач холбогдолтой. Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг өрнүүлснээс хойш иргэдийн мод тарих идэвх эрс нэмэгдсэнийг харах сайхан байна. Иргэдийн экологийн боловсрол сайжирч мод бут болгоныг тарихаас илүүтэй олон талаас нь судалж, тухайн орчиндоо зохицох ургамлыг шилж сонгон тарьдаг болсон байна.
Мод ургуулахад учир бий, суулгац сонгох, услах ус, хамгаалалт гээд олон зүйл нөлөөлдгийг мартаж болохгүй. Тэр бүгдийг нэг дор бэлтгэж байж эхлээрэй гэдгийг мэргэжлийн судлаач, ойн инженерүүдээс зөвлөгөө авч бид жил бүр суулгац шинээр суулгаж байна.
-Танд баярлалаа.
Жил бүрийн тарих модоо хүлэмжиндээ тарьж бойжуулдаг
2022 онд тарьсан мод
Намрын мод тарилт
Мод тарилт
Намрын цэнэг усалгааг хийж байна
Аврагч төгөлд тарьсан чацаргана ургажээ