ДАРХАН-УУЛ: Аймгийн засаг даргын дэргэд өсвөрийн “Хурдан” клубийг байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын мэдээлэл, цахим технологийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор орон нутагт анх удаа Дархан-Уул аймагт Засаг даргын дэргэд 100 гаруй гишүүнтэй өсвөрийн “Хурдан” клубийг байгууллаа.
Клубээр дамжуулан хүүхэд залуусын
цахимын зөв хэрэглээ, технологийн дэвшлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх юм.
Ингэснээр тэдний идэвх
оролцоонд тулгуурлан нийгмийн хүрээлэлд нөлөөлөх цахим элч болгон хөгжүүлэхээс
гадна ирээдүйн мэргэжлээ
сонгон суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой.
Хурдан клубийг байгуулснаар сурагчид төрийн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл авахаас гадна үе тэнгийн дээрэлхэл, цахим дээрэлхэлтэй холбоотой асуудлыг дамжуулах, мэдээлэх, эцэг, эх, асран хамгаалагчдыг цахим элч сургагч багш болох хэмжээнд бэлтгэх боломжтой.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон МТҮП, НҮБ нь хүүхдийн хөгжлийн асуудалд дэмжлэг үзүүлж хамтран ажиллана гэж Төрийн цахим үйлчилгээ зохицуулалтын газрын дарга П.Батбаатар онцлов.
Дархан-Уул аймаг хамгийн түрүүнд дэмжин клуб
байгуулсан бол цаашид бүх аймагт клуб байгуулж, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар МТҮП үе
шаттайгаар сургалтын хөтөлбөрт хамруулж, хөгжүүлэх ажлыг
тасралтгүй явуулна гэв.
Түүнчлэн сурагчид мэдээлэл технологи, цахим элч бэлтгэх хөтөлбөрт хамрагдаж харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр гадаад, дотоодын төсөл хөтөлбөрт хамрагдах боломжтой.
Мөн мэдээллийн технологи хурдацтай хөгжихийн хэрээр тус салбарт бодитой хувь нэмэр оруулах, төрийн байгууллагад тухайн чиглэлээр ажиллах, чадварлаг мэргэжилтний эрэлт хэрэгцээ жил бүр өсөн нэмэгдэж буйг үндэслэн ийнхүү сурагчдын клубийг байгуулжээ.