Оростой байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг эсэргүүцсэн жагсаал Абхазад болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-11-16 10:23:00

СУХУМ, 2024 оны арваннэгдүгээр сарын 16 /BBC/. ОХУ-тай байгуулсан хөрөнгө оруулалтын шинэ гэрээг эсэргүүцсэн жагсаал олон улс хүлээн зөвшөөрөөгүй байгаа Бүгд Найрамдах Абхаз Улсад болжээ. 


Баасан гаргийн үдээс хойш жагсагчид Засгийн газрын цогцолборыг бүслэн хааж, Гүржээс салан тусгаарласан тус улсын парламентын ордон руу дайран оржээ. Орой нь тус Бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч Аслан Бжания сөрөг хүчний төлөөлөгчидтэй хэлэлцээ хийснийхээ дараа албан тушаалаасаа огцрохоос татгалзаж, “үргэлжлүүлэн ажиллана” гэдгээ мэдэгдсэн байна. 


Өөрийгөө зарлан тунхагласан Абхаз улсын парламент Оростой байгуулсан гэрээг 11 дүгээр сарын 15-ны баасан гарагт хэлэлцэх ёстой байжээ. Уг баримт бичгийг баталснаар Оросын бизнес өргөжиж, нутгийн иргэд аялал жуулчлалаас олох орлогогүй болно гэж абхазчууд болгоомжилж байгаа аж. Тус улсад эмх замбараагүй байдал  11 дүгээр сарын 12-ны мягмар гарагт сөрөг хүчний таван төлөөлөгчийг баривчилсны дараа эхэлсэн бөгөөд долоо хоногийн турш үргэлжилжээ.


Эсэргүүцлийн жагсаал баасан гарагт улам өргөжсөн байна. Абхазын парламентын хурлаар хэлэлцэх асуудлуудыг батлаагүйн улмаас хурал хойшлогдсон боловч парламентын ордны гадаа олон мянган хүн цугларч, хурлаа хийж, гэрээг эсэргүүцсэн санал өгөхийг гишүүдээс шаарджээ.


Удалгүй жагсагчид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн эхэлсэн байна. Жагсагчид цагдаа нар руу өндөг, шил шидэж, автомашинаар хашааг мөргөж, парламентын ордон руу нэвтрэхийг оролдсон байна. Цагдаа нар гал унтраах машинаар жагсагчдын замыг хааж зогсоохыг оролджээ.


Цагдаа нар жагсагчид руу утаа гаргагч бөмбөг шидэж, нулимс асгаруулагч хий цацсан байна. Түүгээр барахгүй агаарт буудсан боловч жагсагчид парламент ордон руу дайран орсоор байжээ. Эмх замбараагүй байдлын улмаас найман хүн эмнэлэгт хүргэгдсэний долоо нь эмнэлгээс гарсан гэж Абхазын Эрүүл мэндийн яам мэдээллээ.


Жагсагчидтай хэлэлцээ хийхээр эхлээд Абхазын Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны дарга, дараа нь Дотоод хэргийн сайд Роберт Киут, Төрийн аюулгүй байдлын албаны дарга Дмитрий Кучуберия нар гарч ирсэн байна. Тэд цугласан олны шаардлагыг Ерөнхийлөгчид уламжлахаа амлажээ. А.Бжания засаг захиргааныхаа байрыг орхин явсан гэж баталгаагүй эх сурвалжууд мэдээлсэн байна. Түүний хэвлэлийн албанаас "Ерөнхийлөгч нийслэл Сухумид байгаа бөгөөд нөхцөл байдлыг тогтворжуулах арга хэмжээ авахаар тус улсын удирдлагуудтай уулзалт хийж байна" гэж мэдэгджээ.


Жагсаал эхэлснээс хойш хэдэн цагийн дараа Абхазын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлэхдээ "Бүгд найрамдах улсын байдлыг тогтворжуулахын тулд ОХУ-тай байгуулсан шинэ гэрээг парламентаас эргүүлэн татах тухай баримт бичгийг бэлтгэж байна" гэжээ. Баасан гаргийн орой А.Бжания Абхазын парламентын дарга Лаша Ашуба тэргүүтэй хэсэг гишүүдтэй хэлэлцээ хийсэн байна. Энэ үеэр мөн Ерөнхийлөгчийг огцруулах тухай сөрөг хүчний шаардлагыг хэлэлцсэн байна.


Үүний дараа А.Бжания өөрөө болон дэд ерөнхийлөгч, мөн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд бүгд албан үүргээ гүйцэтгэж  байгаа бөгөөд "үргэлжлүүлэн ажиллах болно" хэмээн мэдэгдэж буй дүрс бичлэгийг Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас нийтэлжээ.



Холбоотой мэдээ