БАЯН-ӨЛГИЙ: Гэмт хэргийн улмаас төр, иргэдэд 1.8 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-11-19 08:36:40

Өлгий, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд өнгөрсөн сард 422 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 12.5 хувь буюу 47 хэргээр өссөн байна.


Бүртгэгдэх үедээ 333 гэмт хэргийн сэжигтнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй байсан ба үүнээс 221 гэмт хэргийг илрүүлжээ. Гэмт хэргийн илрүүлэлт өмнөх оны мөн үеийнхээс 4 хувиар өсөж 66.4 хувьтай байна. Зохих этгээд нь тогтоогдоогүй 112 хэрэгт одоо ажиллагаа явуулж байгаа.


Гэмт хэргийн улмаас гэмтэж осолдсон 133 хүн, хохирсон 397 хүн бүртгэгдэж, гэмтсэн хүний тоо өмнөх оны мөн үеийнхээс 24.3, хохирсон хүний тоо 7.6 хувиар тус тус өсжээ. Мөн 16 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс 77.8 хувиар нэмэгдсэн байна.


Дээр дурдсан гэмт хэргүүдийн улмаас төр, иргэдэд 1 тэрбум 798 сая төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс 736.1 сая төгрөгийг нөхөн төлүүлжээ.


Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн дийлэнх нь Өлгий суманд үйлдэгдсэн бөгөөд нийт 262 тохиолдол бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.4 хувиар өссөн байна. 

Холбоотой мэдээ