Хүний эрхийн дэд хорооны гишүүд ХЭҮК-ын үйл ажиллагаатай танилцав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал нар энэ сарын 18-нд ХЭҮК-т ажиллаж, гишүүн тус бүрийн үйл ажиллагаатай танилцав.
Тус дэд хороо нь хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл,
цагаачлал, иргэний харьяаллын бодлогын асуудлыг эрхэлдэг. Энэ чиг үүргийнхээ
дагуу ХЭҮК-той нягт хамтран, уялдаатай ажилладаг онцлогтойг С.Эрдэнэболд дарга
дурдаад өнөөгийн байдлаар Монгол Улсад нэн тулгамдаад буй хүний эрхийн
зөрчлүүд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар зөвлөлдөхөөр энэхүү уулзалтыг
төлөвлөн, зохион байгуулж байгаа гэв. Ийнхүү уулзалт эхэлж, тус Комиссын бүрэн
эрх, чиг үүрэг, үйл ажиллагааны талаар ХЭҮК-ын дарга Д.Сүнжид танилцууллаа.
Комисс хуулиар хүлээсэн чиг үүргээсээ гадна Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн
байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай зэрэг бусад хуулиар
хүлээсэн чиг үүргийн давхардал их байгааг дурдаад, анхаарах шаардлагын талаар
танилцуулсан. Комиссын гишүүд цар тахлын дараахан буюу 2020 онд нээлттэй
сонгон шалгаруулалтаар зургуулаа томилогдож байсан бөгөөд тухайн үеэс хойш
иргэдээс ирүүлсэн санал гомдол, түүний мөрөөр болон гишүүдийн санаачилгаар
хийсэн хяналт, шалгалт, 2021-2024 оны үйл ажиллагааныхаа талаар
дэлгэрэнгүй танилцууллаа.
Комисс үйл ажиллагаагаа явуулах хугацаандаа Монгол Улс дахь
хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 илтгэлийг танилцуулсан бөгөөд энэ
хүрээнд Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан Монгол Улсын иргэний баталгаатай
эдлэх 18 үндсэн эрх, эрх чөлөөний хэрэгжилтийн талаар илтгэдэг. Нэгтгэн
дүгнэхэд ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах,
цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхийн асуудлыг 23 удаа буюу
илтгэл бүр дээр хөндсөн байна. Халдашгүй, чөлөөтэй байх эрхийн хэрэгжилтийн
талаар 17 илтгэлд, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн
тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийн хэрэгжилтийн талаар 19 илтгэлд
дурдагддаг байна. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн асуудал, иргэний
болон улс төрийн эрхийн талаар Монгол Улс анхаарал хандуулах шаардлагатай
хэмээв.
ХЭҮК нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт дурдагддаг 10 бүлэг буюу
гомдол гаргах боломж хомс, гачигдалд өртдөг, оршин байгаа газрынхаа хувьд эсвэл
боловсролын түвшний хувьд гэх зэрэг нөхцөл байдлаас шалтгаалж гомдол гаргаад,
эрхээ хамгаалуулах чадваргүй бүлгийг анхаарч ажиллахын зэрэгцээ өөрсдийн зүгээс
сэжигтэн, шүүгдэгч, яллагдагч; хүний эрх хамгаалагч; хэлний цөөнхийн асуудалд
онцгой анхаарч ажилладаг гэв.
Дараа нь Комиссын гишүүн бүр тус тусын үйл ажиллагааны
талаар мэдээлэл танилцууллаа. Тухайлбал, Эдийн засаг, нийгэм, соёлын
эрхийн талаар Комиссын дарга Д.Сүнжид, Жендэрт суурилсан хүчирхийллийн талаар
Комиссын гишүүн Х.Мөнхзул танилцуулсан юм. Х.Мөнхзул илтгэлийнхээ эхэнд Монгол
Улсад гэр бүлийн хүчирхийлэл, хүн худалдаалах, бэлгийн хүчирхийлэл, ажлын
байрны дарамт зэрэг жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх хууль эрх зүйн
орчин, тогтолцоо бүрдсэн ч хуулийн хэрэгжилт сул байгааг танилцуулсан. Улсын
хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн тоо жил ирэх
тусам өсөх хандлагатай байгааг дурдаж, онцолж анхаарах шаардлага байгааг
танилцуулсан. Энэ төрлийн хүчирхийлэл үйлдэгчид оногдуулж буй хариуцлага гэр
бүлийн өвөрмөц онцлог, хэрэгцээнд нийцэхгүй, үр дүнгүй, оновчгүй байгаагийн
зэрэгцээ холбогдох хуулиудын хэрэгжилтийг хангахад шаардлагатай хөрөнгийг
төсөвт тусгадаггүй зэрэг шалтгааныг дурдсан.
Үргэлжлүүлэн тэрбээр энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд
оногдуулж буй хариуцлагыг оновчтой болгож өөрчлөх, шаталсан хариуцлагын
тогтолцоог бий болгох хувилбаруудыг танилцуулсан юм. Комиссын гишүүн Х.Мөнхзул,
технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн талаар мөн
танилцууллаа. Цахим орчинд охид, эмэгтэйчүүдийн эмзэг байдлыг улам нэмэгдүүлсэн
дэлхий дахинд шинээр гарч ирж буй сорилт болж байгааг тэмдэглэсэн. Технологийн
хурдацтай хөгжил нь жендэрт суурилсан хүчирхийлэл үйлдэх шинэ сувгуудыг нээж,
шинэ хэлбэрүүдийг бий болгож байгааг хэлээд 2022, 2023 онд хүүхдийн тусламжийн
108 утсанд цахим дарамтад өртөж байгаагаа мэдээлж, бүртгүүлсэн тоо баримтыг
танилцуулав. Манай улсын хуульд технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт
суурилсан хүчирхийллийн талаарх нэр томьёонууд тусгагдаагүй, нарийвчлан
тодорхойлоогүйгээс үүдэн гэмт хэрэгтнүүд ял завших, үргэлжлүүлэн хүмүүсийг
хохироох шалтгаан, нөхцлийг бүрдүүлдэг гэв.
Хүүхдийн эрх, хамгааллын талаар Комиссын гишүүн Ж.Хунан,
Хууль сахиулах үйл ажиллагаан дахь хүний эрхийн асуудлын талаар Комиссын гишүүн
Б.Энхболд танилцуулав. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх
23 илтгэлийн 16-д хүүхдийн эрхийн асуудлыг тусгасан байдаг бөгөөд
хүүхдийн тодорхой эрхүүдийг хангах чиглэлээр сүүлийн жилүүдэд ахиц гарц
байгаа талаар дурдсан. Комисст ирэх хүүхдийн эрхийн зөрчлийн талаарх гомдол,
өргөдлийн тоо нэмэгдэж байгаа гэв. Үргэлжлүүлэн энэ хүрээнд хийсэн хяналт,
шалгалтын талаар танилцуулж, сургалт судалгаа, Монгол Улс дахь хүний эрх,
эрх чөлөөний байдлын талаарх 20, 21 дэх илтгэл дэх холбогдох агуулга,
зөвлөмжийн талаар мэдээлэл өгсөн. Мөн тэрбээр 2023 онд Комисс, Нийгмийн
хамгаалал, хөдөлмөрийн яамтай хамтран явуулсан нээлттэй хяналт шалгалтын
талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Нэн тэргүүнд хүүхэд хамгааллын чиглэлээрх
төсөв хөрөнгийг шаардлагатай хэмжээнд хуваарилдаггүй, мөн багш, нийгмийн
ажилтан, сэтгэл зүйч тэргүүтэй хүний нөөцийн хомсдол нь хүүхдийн эрхийн
зөрчлийн суурь шалтгаан болдог байна. Түүнчлэн бүртгэл хяналт хангалтгүй,
нийтээрээ хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлд анхаарал хандуулдаггүй, зам
тээврийн осол бол бас гэмт хэргийн улмаас нас барж байгаа хүүхдийн тоо, хүний
бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн
тоо ноцтой түвшинд байгааг Комиссын гишүүн Ж.Хунан танилцуулав. Хүүхдийн
эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хөгжих эрхийг хангах асуудлыг
орхигдуулсан цөөнгүй жишээг тэрбээр дурдаад, холбогдох арга хэмжээг авч
хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг улсын болон орон нутгийн төсөвт тусгаж байх
шаардлагын талаар танилцуулсан.
Комиссын гишүүн Б.Энхболд танилцуулгынхаа хүрээнд хууль сахиулах салбар дахь хүний эрх, эрх
чөлөөг хангах чиглэлээр ХЭҮК-ын хэрэгжүүлж буй арга хэмжээ, иргэний шударгаар
шүүлгэх эрхийн талаар, төрийн цэргийн байгууллага дахь хүний эрхийн асуудлаар
мэдээлэл танилцууллаа. Комисс 2020-2024 оны стратегийн баримт бичигтээ хүний
эрхэд суурилсан хууль сахиулах ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх зорилтыг
дэвшүүлж, холбогдох арга хэмжээг төлөвлөн, хэрэгжүүлж байгаа гэв. Энэ хүрээнд
Хууль сахиулах ажиллагаанд дагаж мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм журам болон
практик хэрэглээг хүний эрхийн хандлагын үүднээс боловсронгуй болгох, ДХИС-ийн
Цагдаагийн сургууль, Ахлагчийн сургууль, Удирдлагын сургууль, Шүүхийн шийдвэр
гүйцэтгэлийн сургуулийн хичээлийн хөтөлбөрт хүний эрхийн зарчимд нийцүүлэн дүн
шинжилгээ хийсэн, үнэлэх аргачлал боловсруулсан, хөгжүүлэх багш суралцагчдыг
бэлтгэх, цагдаагийн алба хаагчдад хүний эрх, жендерийн тэгш байдлын сургалт
зохион байгуулж байгаа гэв. Үргэлжлүүлэн тэрбээр иргэний шударгаар шүүлгэх
эрхийн талаар мэдээлэл танилцуулж, ХЭҮК-ын хүлээн авч шийдвэрлэсэн хүний
халдашгүй чөлөөтэй байх эрхтэй холбоотой гомдол мэдээлэл, тэдгээрийн дагуу
хийсэн хяналт шалгалтын талаар танилцуулав.
Комисст иргэд, аж
ахуйн нэгж байгууллагаас 2021 онд 1188 гомдол мэдээлэл ирүүлсний 123 буюу 10,3
хувь, 2022 онд 925 гомдол мэдээлэл ирүүлсний 67 буюу 7,2 хувь, 2023 онд 685
гомдол мэдээлэл ирүүлсний 57 буюу 8,3 хувь нь Цагдаагийн байгууллага, алба
хаагчийн үйл ажиллагаатай холбоотой байдаг байна. Цагдаагийн байгууллагын
харьяа газар хэлтэст 2021 онд 25, 2022 онд 3 хяналт шалгалт хийсэн бол
2023 онд 9 удаагийн урьдчилан сэргийлэх үзлэг хийжээ. Цагдаагийн байгууллагын
үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх
чиглэлээр 14 зөвлөмж, хүний
эрхийн зөрчлийг таслан зогсоох, арилгуулахаар Комиссын гишүүний 5 шаардлагыг
хүргүүлжээ.
Комисс өнгөрсөн
хугацаанд цэргийн дүрмийн бус харьцааны талаар хоёр удаа томоохон судалгаа хийж
Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний талаарх 2007 оны 6 дахь илтгэл, 2022
оны 21 дэх илтгэлд тус тус тусгажээ. Цэргийн алба хаагчийн хөдөлмөрлөх эрхийн
нөхцөл байдлыг тусгаж, тодорхой санал зөвлөмж бүхий 8 удаагийн суурь судалгааг
хийсэн байна. Төрийн цэргийн анги байгууллагад 133 удаа хяналт шалгалт зохион
байгуулж илэрсэн хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх
зорилгоор 30 удаагийн 80 гаруй заалт бүхий шаардлага, зөвлөмжийг эрх бүхий
байгууллага, албан тушаалтанд хүргүүлжээ.
Сүүлийн 3 жилийн
байдлаар давхардсан тоогоор 3000 гаруй цэргийн алба хаагчдад хүний эрхийн
сургалт, соён гэгээрлийн үйл ажиллагаа явуулж, тогтмол ажиллах үүрэг бүхий
зэвсэгт хүчний 47 сургагч багшийг бэлтгэсэн гэв. Үргэлжлүүлэн Комиссын гишүүн
Б.Энхболд хууль сахиулах үйл ажиллагаан дахь хүний эрхийг хангах чиглэлээр
цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналаа танилцууллаа. Дараа нь Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн
гишүүн Я.Цэлмэн үйл ажиллагааныхаа талаар танилцуулав.
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн
Я.Цэлмэн үйл ажиллагааныхаа талаар танилцуулсан. Эрүүдэн шүүхийн эсрэг
мөрдөн шалгах бие даасан бүтэц байгуулах, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр
хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг
конвенцын 22 дугаар зүйл нэгдэх, ингэснээр Монгол Улсын иргэн энэ төрлийн
гомдол, хүсэлтээ НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хороонд гаргах эрхийг нээх,
улмаар эрүүдэн шүүлтийн улмаас хохирсон иргэдийн хохирлыг барагдуулахтай холбоотой
зохицуулалтыг сайжруулах, мөн хүний эрх, эрх чөлөөний талаарх мэдлэг мэдээллийг
агуулсан үндэсний хэмжээний сургалтын хөтөлбөр боловсруулах шаардлагын талаар
танилцуулсан. Түүнчлэн тэрбээр үйл ажиллагааны төсвийн талаар мэдээлэл өгч,
саналаа илэрхийлэв.
Тус дэд хороо энэ оны аравдугаар сарын 29-ний өдрийн
хуралдаанаараа 2024-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталсан бөгөөд 19
зорилт бүхий тус төлөвлөөний дагуу энэхүү уулзалтыг зохион байгуулсан аж.