ДАРХАН-УУЛ: Соёл, урлагийн байгууллагууд “Ирээдүйгээ сонсъё” аянд нэгдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Жил бүрийн 11 дүгээр сарын 20 дэлхийн “Дэлхийн хүүхдийн өдөр” тохиодог. Энэ өдөр НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан бөгөөд 2017 оноос эхлэн Дэлхийн хүүхдийн өдөр болгон тэмдэглэхээр НҮБ-ын Хүүхдийн сангаас уриалсны дагуу дэлхийн 130 гаруй орон нэгджээ.
Энэ өдөр хүүхдүүд өөрсдөд нь тулгамдсан асуудлаар томчуудад дуу хоолойгоо өргөж, томчууд хүүхдүүдээ сонсож, тэдний төлөө “За” гэж хэлэх өдөр юм. Энэ өдөр дэлхийн улс, орнууд хүүхдийн дуу хоолойг сонсох үйл ажиллагаа, санал санаачилгууд өрнөдөг.
Энэ хүрээнд хүүхдийн эрхийн асуудалд олны анхаарлыг хандуулах зорилгоор Соёл, спорт, хүүхэд залуучуудын байгууллагууд хүүхдийн эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэх, хүүхдийн төлөө хийсэн ажил, үр дүнг сурталчлан таниулах зорилгоор “Ирээдүйгээ сонсъё” аяныг өрнүүлж байна.
Аяны эхэнд Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын мэргэжилтэн, Хүүхдийн эрхийн улсын байцаагч А.Мягмаржаргалыг урьж хүүхэд, гэр бүлд ээлтэй бодлогын талаар уулзалт яриаг албан хаагчдын дунд зохион байгууллаа.
Тус уулзалтаар Хүүхэд хамгааллын бодлогын баримт бичиг, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагаа, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасны дагуу ажилтны ажил, амралтын цагийг зохицуулах, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хөдөлмөрийн дотоод журамд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдээлэл авсан юм.
Ингэснээр ажилтан, албан хаагчдаараа
дамжуулан гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийн
эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, үүрэг хариуцлагаа биелүүлэх, улмаар
салбарын хэмжээнд байгууллагын нөөц, байгууллагын онцлогт нийцүүлэн хүүхдэд
ээлтэй орчин бүрдүүлж ажиллахад ахиц гарна гэж үзэж байна.