БАЯН-ӨЛГИЙ: Төрийн албаны ерөнхий шалгалтад оролцогчдын 34.7 хувь нь тэнцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчдын нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг улиралд 1 удаа буюу жилд 4 удаа зохион байгуулахаар хуульчилсан.
Энэ оны дөрөвдүгээр улирлын ерөнхий шалгалтыг өнөөдрөөс орон даяар зохион байгуулж байна. Шалгалтад орохоор улсын хэмжээнд 5011 иргэн бүртгүүлсний 164 нь Баян-Өлгий аймгийн иргэд байгаа юм.
Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөл 1 өдөрт 5 ээлжээр, нэг ээлжид 19 иргэнийг оруулахаар бэлтгэлээ хангажээ. Мөн шалгалтын ил тод байдлыг хангах зорилгоор шалгуулагчид болон иргэдэд шалгалтын үйл явцыг дэлгэцээр хөндлөнгөөс ажиглах боломж бүрдүүлжээ.
Өнөөдрийн таван
ээлжийн шалгалтад 95 иргэн оролцох ёстойгоос 69 шалгуулагч орсон. Үүнээс 24
иргэн буюу 34.7 хувь нь тэнцлээ. Шалгалтыг маргааш үргэлжлүүлэн зохион
байгуулна.