БУЛГАН: 1000 гаруй сайн дурын ой хамгаалагчтай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган, 2024 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол улсад ойн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн баярын хурал зохион байгуулж, шилдэг ажилтан, ахмадуудаа хүндэтгэн алдаршууллаа.
Баярын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ш. Насандулам, Засаг дарга
Д.Пүрэв-Очир нар оролцож, Булган аймгийн ойн салбарын үе үеийн ажилтан албан хаагчид, ахмад буурлууддаа баяр хүргэж мэндчилгээ дэвшүүллээ.
Монгол улсад Ойн байгууллага Аж ахуйн явдлын яамны 1924 оны 5-р тушаалаар
Ой модны хэлтсийн харьяанд Улаанбаатар хотын нэгдүгээр ойн анги, Сэлэнгийн Ерөөд хоёрдугаар ойн
анги, Хэнтийн Ононд гуравдугаар ойн анги, Хөвсгөлийн Хатгалд дөрөвдүгээр ойн ангийг байгуулсан байна. Эдгээр анхны ойн ангиуд Эрхэлсэн түшмэл, Боловсронгуй
сургагч, Морин цагдаа, бичээч гэсэн цөөн орон тоотой ой мод ан амьтны асуудлыг ерөнхийлөн хариуцдаг байжээ.
Булган аймагт АДХ-ын гүйцэтгэх
захиргааны шууд удирдлагад 1960-1961 онд байгуулагдаж ой хамгаалах ажлыг зохион байгуулахын зэрэгцээ албан байгууллагын түлшний хэрэгцээг хангаж байв.
Өнөөдөр Булган аймагт 215 ойн нөхөрлөлд 1000 гаруй ойн сайн дурын хамгаалагч, 48 ойн мэргэжилтэн ажиллаж байна.