У Ги Чүл: Тэрбум гэлтгүй маш олон мод тарих боломж бий
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Иргэний нийгмийн сүлжээг удирдах хорооны дарга, “Ногоон Ази сүлжээ” ОУТББ-ын үүсгэн байгуулагч У Ги Чүлтэй "Өдрийн сонин"-ы сурвалжлагч ярилцсаныг хуваалцаж байна.
-Та өмнө нь анх хэдэн онд Монголд ирж байв. Яагаад
“Ногоон Ази” төрийн бус байгууллагынхаа төсөл хөтөлбөрүүдийг Монголд
хэрэгжүүлэхээр болсон бэ?
-Би анх 2000 онд Монголын уур амьсгалын өөрчлөлтийг
судлахаар хүмүүстэй ирээд, тухайн үеийн байдлыг харахад үнэхээр ноцтой, аюултай
байлаа. Судалгаанаас үзэхэд, дэлхийн дулаарлын нөлөөгөөр бусад орнуудад агаарын дундаж
хэм +1 градусаар, харин Монголд агаарын дундаж хэм хоёр дахин их буюу хоёр
градусаар нэмэгдсэн байсан. Хөдөө орон нутгаар явж үзэхэд газар нутгийн ихэнх
нь цөлжилттэй болсон. Гол, нуур усгүй болж, ширгэсэн асуудал их байв. Түүнээс
хойш би цөлжилтийг сааруулах ажилд оролцох шаардлагатай юм байна гэж бодсон.
Монгол орон уур амьсгалын өөрчлөлтөөс ийм их
хохирол амссан шалтгаан нь юу вэ гэдгийг судлахад дан ганц монголчуудаас үүссэн
асуудал биш байв. Хөрш улсууд болох Хятад, Орос, Солонгос, Япон зэрэг хөгжингүй
орон нь үйлдвэрлэл, аж ахуй ихтэй. Тэдгээр улс дэлхийн дулааралд хүчтэй
нөлөөлснөөр монгол нутаг тэдний хор уршгийн нөлөөллийн хохиролд
хамгийн их өртсөн газар юм. Тийм учраас би энэ хүмүүст туслах үйл ажиллагаа
явуулах хэрэгтэй гэж үзсэн. Тиймээс би 24 жилийн өмнөөс “Ногоон Ази” төрийн бус
байгууллагынхаа салбарыг Монголд байгуулан мод тарих, иргэдийн амьдралыг
сайжруулах үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
-Хэчнээн сум орон нутагт “Ногоон Ази” Төрийн бус
байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайн төсөл нь хэдэн жилийн
хугацаанд хэрэгждэг вэ?
-Анх Улаанбаатар хотоос мод тарих үйл ажиллагаагаа
эхлүүлсэн. Багануур дүүрэг, Дундговь аймгийн Сайнцагаан, Булган аймгийн Баяннуур,
Дашинчилэн, Архангайн аймгийн Өгий нуур, Төв аймгийн Эрдэнэ, Аргалант, Баянцогт,
Баянхангай зэрэг 10 гаруй сумдад цөлжилтийг бууруулах, ойжуулалтын жишиг
загварыг байгуулсан. Энэ жил хамгийн сүүлд эхлүүлсэн отгон төслийн талбай маань
Булган аймгийн Гурванбулаг суманд бий. Нэг талбайг байгуулахад эхний таван жилд
дэд бүтцийнхээ ажлыг хийдэг. Түүнээс цааш иргэдээ чадавхжуулах ажлыг хийдэг
гэхээр багадаа нэг талбайг 10 жилийн турш үйл ажиллагааг нь дэмжээд, хамтран
авч явдаг. Түүний нэг жишээ нь, 2007 онд байгуулагдсан Булган аймгийн Баяннуур
сумын ойжуулалтын талбайг өдий хүртэл хамтдаа дэмжээд, иргэдийг нь чадавхжуулаад
явж байна. Богино хугацааны төсөл таван жилийн хугацаанд үргэлжилдэг бол урт
хугацааны төсөл түүнээс илүү хугацаанд үргэлжилж байгаа.
-Та бүхэн орон нутгийн иргэдийг нас, хүйс
харгалзахгүйгээр ажилд авч, цалинжуулж, сургалтад хамруулдаг. Энэ талаараа?
-Анх Япон улстай хамтарч Монголд эхний гурав,
дөрвөн жилд зөвхөн мод тарьсан. Тарьсан моднууд маань бүгд үхсэн. Мод тарьсан
хэсэгт хөдөөний малчид хашааг нь эвдэн, малаа дотогш нь оруулж, малын
тэжээл болгосонд их харамссан. Цаашдаа ингэж үргэлжлүүлж болохгүйг ойлгосон.
Тэгээд анх Багануурын ойжуулалтын талбайг эхлүүлэхдээ тус газрын иргэдийг
оролцуулж, тэднийг цалинжуулан ажиллуулсан. Түүний үр дүнд бүх тарьсан модны 95 хувь нь амьд тэр чигээрээ ургаж байна. Түүнээс хойш заавал нутгийн иргэдийг
оролцуулж, зөвхөн цалинжуулахаас гадна өөрсдөд нь үлдэх талбай гэж ойлгуулаад
хамтраад үйл ажиллагаагаа явуулах нь зөв гэж шийдсэн. Бид олон улсын төрийн бус
байгууллага учраас хэзээ нэгэн цагт тухайн орон нутагт нь ойжуулалтын талбайгаа
хүлээлгэж өгөөд явна.
Булган аймгийн Баяннуур сумын ойжуулалтын талбайд
ажиллаж буй хүмүүсийн нэг нь гэхэд тухайн үедээ 1300 гаруй малтай малчин
хүн байсан. Энэ хүн 2007 оны зуданд малаа харамсалтайгаар алдсан юм. Тухайн үед
залуухан малчид нь зах зээл хөөж, ажил хийж, амьжиргаагаа залгуулах зорилгоор
Улаанбаатар хотын гэр хорооллыг өргөтгөж, орон нутгаасаа явж байсан л даа. Энэ
хүн ахимаг настай учраас хот руу явалгүй нутагтаа үлдсэн байсан. Тэр жилийн
зуданд малаа алдсан хүмүүсээс манайд ажиллахаар 20 гаруй хүн ирж байлаа. Хов
хоосон, сав саарал газар дээр эдгээр хүмүүс бидэнтэй хамтран ажлаа эхлүүлсэн.
Тухайн цаг үед мод тарьж байсан хүмүүст мод тарих, үржүүлэх нарийн ногоо тарих,
газар тариалан эрхэлнэ гэдэг төсөөлөхийн аргагүй хэцүү ажил байсан л даа. Тийм
болохоор бид тэдэнд сургалт явуулж, зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлснээр
өнөөдрийн ийм сайхан ойжуулалтын талбайн ажлыг хийж чадсан юм. Дээрх хүмүүс
зөвхөн мод тарьж, ургуулаад зогсохгүй “Нөхөрлөл хоршоо” байгуулсан.
Баяннуурт нэг, хоёр, гурав, дөрөв гэсэн ойжуулалтын талбайг байгуулаад нийт 127 мянган га газарт мод тарьсан. Тухайн үед Байгаль орчны яаманд 40 гаруй га-г нь хүлээлгэж өгснөөс үлдсэн 80 га газарт нь одоогийн байдлаар үйл ажиллагаагаа явуулж байна. 80 гаруй мянган мод тарьснаас арчилгааны явцад үлдсэн 56 мянган модыг арчлан, хамгаалаад явж байна. Эдгээр модны тодорхой хувьд нь цаашдын орлогын эх үүсвэр болгож тариалсан жимсний аж ахуй бий. Ойролцоогоор чацарганы 25 мянган мод байгаа.
“Ногоон Ази” нь уур
амьсгалын өөрчлөлтийн эсрэг ажилладаг, ашгийн төлөө бус байгууллага. Тиймээс
арчилж, хамгаалж байгаа иргэд орлогын эх үүсвэрээ болгон өөрсдөө чацарганаа худалдан
борлуулдаг. Чацарганыг худалдан борлуулаад олсон ашгийн 50 хувийг иргэддээ
ногдол ашиг болгон хуваах, 30 хувийг нь эрсдэлийн сандаа ашиглаж, үлдсэн 20
хувийг нь үйл ажиллагааны зардалдаа зориулах саналыг анх Баяннуурын иргэдээс
дэвшүүлсэн байдаг.
-Төсөл хөтөлбөрүүдээ орон нутагт хэрэгжүүлэхэд та
бүхэнд тулгамдаж буй ямар ямар асуудал байна. Монголын төр засаг болон орон
нутгаас хэрхэн дэмжиж байна вэ?
-Энэ их чухал асуулт байна. Цөлжилтийн эсрэг
төслийг хөдөө орон нутагт хэрэгжүүлэхэд орон нутгийн төрийн байгууллагуудын
дэмжлэг, хамтарч ажиллах байдал их чухал байдаг. Бид Байгаль орчны яамтай хамтын
ажиллагааны Санамж бичигтэй бөгөөд төсөл хэрэгжих орон нутгийн засаг захиргааны
байгууллагатай хамтарч ажиллах гэрээ байгуулснаар үйл ажиллагаагаа явуулдаг. Орон
нутгийн төрийн байгууллагаас ойжуулалтын үйл ажиллагаа явуулж, ашиглах газрын
эрхийг олгодог. Гадны байгууллагад энэхүү эрх нь тав, таван жилээр сунгагдаж
явдаг. Газрын зөвшөөрлийг сунгаагүйгээс бид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн
явуулах боломжгүй болоход тарьсан мод маань устаж үгүй болох аюул ч нүүрлэж
болох тал бий. Тэнд ажиллаж байсан орон нутгийн иргэдийн хувьд багаар бодоход
20 гаруй хүн орлогын эх үүсвэргүй буюу ажилгүй болсноор тэдний гэр бүл, үр
хүүхдүүд гээд олон хүний амьдрал хэцүү байдалд орж байгаа юм. Сүүлийн үед сум
орон нутгийн төрийн байгууллагуудтай хамтарч ажиллахад амар болж байгаа. Өнгөрсөн
хугацаанд төвөгтэй хэцүүхэн асуудлууд тулгардаг байсан ч үүнийг бид сайндаа
шийдээгүй. Орон нутгийн иргэд хэцүүхэн асуудлуудыг өөрсдөө шийдвэрлэж ирсэн. Тэд
сумынхаа баг, иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүртэл өөрсдийн асуудлаа
танилцуулж, шийдвэрлүүлж байсан олзуурхууштай сайн жишээ бий.
Төр эрхийнхээ хүрээнд энд мод тарьж болно гээд
бидэнд зөвшөөрөл олгодог. Түүний дагуу бид Эрдэнэ сумын ойжуулалтын талбайд мод
тарьж байсан. Гэтэл тэнд нэг уул уурхайн компани манайх танайхаас өмнө
зөвшөөрлөө авсан гээд гэнэтхэн гараад ирсэн. Зөвхөн уул, уурхайн элсний хайгуулын
зөвшөөрөлтэй. Бид ч гэсэн зөвшөөрөлтэй тул танайхтай зэрэгцээд хайгуулын ажлаа
явуулна гэж байгаа юм. Тэр элсний хайгуулын зөвшөөрөлтэй уул, уурхайн
компанитай олон жил шүүхдэлцэж, бидний үйл ажиллагаа ч жигд явж чадахгүй өдий
хүрсэн. Энэ нь нэг талаараа төрийн байгууллагуудын хоорондоо уялдаа холбоогүй
ажилдагтай холбоотой.
-Таны хувьд энэ удаа ямар зорилгоор Монголд ирсэн бэ? Мод тарих чиглэл дээр манай улс юун дээр түлхүү анхаарах хэрэгтэй байна вэ?
-Энэ удаа Монголд ирэхдээ суралцахаар ирсэн юм.
Өмнө нь Монгол модыг тарьдаггүй орон байсан. Сүүлийн үед дэлхийн дулаарлын
эсрэг Төрийн зөв зүйтэй бодлогын нэг болох “Тэрбум мод” тарих үндэсний
хөдөлгөөн, аян явагдаж эхэлсэнтэй холбоотойгоор мод тарихад их анхаарах болсон.
“Тэрбум” мод үндэсний хөдөлгөөнийхөө хүрээнд
ганцхан Солонгос гэлтгүй олон оронтой сайн хамтарч ажиллаасай гэж хүсэж байна. Энэ
олон хөгжингүй орнууд тодорхой хэмжээгээр хүлэмжийн хийг бууруулах ажилд
оролцох НҮБ-ын өмнө хүлээсэн үүрэгтэй. Нэг га талбайд ногоон байгууламжийг бий
болгосноор хэдий хэмжээний хүлэмжийн хийг хадгалж болох вэ гэдгээр нь
борлуулахад “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд ихээхэн дэмжлэг болно гэж үзэж
байна. Энэ талын судалгааг хийж, батлагдсан тоог гаргавал их үр дүнтэй юм.
Өөрсдийнхөө хэмжээнд бид туршилт хийж үзсэн. Энэ
нь бүрэн батлагдсан тоо биш. Нэг га талбайд зургаан тн хүлэмжийн хийг шингээх
боломжтой гэж тооцсон. Тиймээс цаашид тэрбум мод гэлтгүй маш ихээр мод тарих
боломж бий гэж харж байна. Модыг арчлахад ургаж, орхивол үхнэ. Тиймээс цаашид
тогтвортойгоор үйл ажиллагаа явуулах нь хамгийн чухал юм.
-Мод тарихын ашиг тусын тухайд?
- НҮБ-аас бидний ажлыг олон талаас харж үнэлдэг. Дан ганц ногоон байгууламжийг бий болгосон гэж дүгнэдэггүй. Мод тарихаас гадна салхины хамгаалалтыг хийх мөн чацаргана болон жимсний мод тарих, үржүүлгийг хэрхэн хийж байгааг чухалчлан үздэг. Биологийн үйлчлэл, үйлчилгээ хүчин зүйл талаас нь тухайн модыг тарьснаар хөрсийг нөхөн сэргээх, элсний нүүдлийг зогсоох, цөлжилтийг тодорхой хэмжээгээр сааруулах үр дүнтэй гэдгийг нь үндэслэдэг. Мод нь усыг өөртөө шингээдэг. Мод тарьсан газар шар шороон шуургыг 10 дахин багасдаг. Мод нь ганц шар шороон шуурга гэлтгүй үер усны аюулаас хамгаалдаг.