Далайн хамгийн гүн хэсэгт кабель татах машиныг бүтээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИБЭЭЖИН, 2024 оны арваннэгдүгээр сарын 28 /SCMP/. Хятадын инженерүүд далайн хамгийн гүн цэг болох Номхон далайн баруун хэсэгт орших Марианы хонхорын Челленжерийн ангалд шилэн кабель татах хүчин чадалтай машин зохион бүтээжээ.
Энэхүү ангалын гүн нь далайн түвшнээс доош 10 898 м-ээс 11 034 м-ийн хооронд хэлбэлздэг.
Усан доор кабель тавих зориулалттай “Haiwei GD11000” машиныг Далянийн далайн их сургуулийн мэргэжилтнүүд Хятадын машин угсралт, шинжлэх ухаан-технологийн компаниудын инженерүүдтэй хамтран бүтээжээ. Уг машины ачаалал 15 тонноос давдаг бөгөөд нэг минутад 120 м хүртэлх хурдтайгаар кабель татдаг ажээ.
“Haiwei GD11000” машинаар Өмнөд Хятадын тэнгист 4 км гаруйн гүнд хоёр удаа кабель татах ажиллагаа явуулснаар Италийн “Prysmian” компанийн амжилтыг эвдэж, дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоосон байна. Италийн компанийн машин 2150 м-ийн гүнд кабель тавьж байжээ.