Гукеш гуравдугаар өрөгт цагаанаар тоглож хожлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-11-28 16:43:13

СИНГАПУР, 2024 оны арваннэгдүгээр сарын 28 /TASS/.  Сингапурт болж буй дэлхийн аваргын титмийн төлөөх халз тоглолтод Энэтхэгийн шатарчин Доммаражу Гукеш гуравдахь өрөгт дэлхийн аварга шатарчин Хятадын Дин Лижэнийг хожжээ.  

Цагаанаар тоглосон Гукеш хожсоноор тооны харьцаа 1,5:1,5 болсон байна. Дөрөвдэх өргийн тоглолт маргааш 16 цагт эхэлнэ.


Энэ удаад хоёр их мастер “татгалзсан бэрсний гамбит” гарааг сонгосон бөгөөд 18 ба 19 дэх нүүдлүүдэд Дин Лижэн ялимгүй алдаа гаргаснаар цагаан тал давамгайлж эхлэв. Гукеш давуу байдлаа аажмаар бататгаснаар Хятадын их мастер хүнд байдалд орж, 37 дахь нүүдэлдээ цаг сунгав.


Дэлхийн аваргын төлөө хоёр шатарчин 14 өрөг тоглох бөгөөд эхний 40 нүүдлийг хийхэд 120 минут, дараа нь 30 минут /нүүдэл бүрийн дараа 30 секундийн нэмэлт хугацаа/ зарцуулах ёстой. Хэрвээ хэн нэг нь 14 дэх өргөөс өмнө 7,5 оноо авсан тохиолдолд ялагчаар тодорно. Харин тэнцэх аваас 12 дугаар сарын 13-нд тай-брейк буюу түргэн тоглолтоор аваргыг тодруулна.


Өдгөө 32 настай Хятадын их мастер Дин Лижэн дэлхийн аварга цолоо хамгаалахын төлөө тоглож байгаа юм. Тэрбээр өнгөрсөн онд Оросын шатарчин Ян Непомнящийг хожсоноор дэлхийн аварга болсон билээ. Харин өдгөө 18 настай Д.Гукеш анх удаа аваргын титмийн төлөө тоглож байгаа бөгөөд хожсон тохиолдолд шатрын түүхэн дэх хамгийн залуу аварга болох юм. Тэрбээр есдүгээр сард болсон Дэлхийн шатрын Олимпиадад оролцож, Энэтхэгийн шигшээгийн бүрэлдэхүүнд нэгдүгээр ширээнд 10 өрөг тоглохдоо 9 оноо авсан юм.


Энэ удаагийн халз тоглолтын шагналын сан 2.5 сая ам.доллар бөгөөд хожил бүрд 200 мянган ам.доллар өгнө. Харин үлдсэн мөнгийг хоёр шатарчинд тэнцүү хуваан олгох ажээ. Хэрэв тай-брэйкээр аварга тодорсон тохиолдолд ялагч 1.3 сая, ялагдсан шатарчин 1.2 саяыг авах юм.

Холбоотой мэдээ