ДАРХАН-УУЛ: Папиллома вирусний вакцин хийж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулийн 11 настай охид, хөвгүүдэд товлолын дагуу папиллома вирусийн халдварын эсрэг дархлаажуулалтыг өнөөдрөөс хийж эхэллээ. Тус дархлаажуулалт нь умайн хүзүүний хавдар болон уг вирусээр үүсгэгддэг бусад төрлийн хавдраас сэргийлдэг байна.
Хүний өвчлөл үүсгэдэг 200 гаруй хэв шинжийн папиллома вирус байдаг. Эдгээр папиллома вирусүүд нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст ам, залгиур, хоолой, толгой хүзүү, үтрээ, гадна бэлэг эрхтэн, шулуун гэдэс зэрэгт хортой болон хоргүй хавдар, үү, ургацаг үүсгэдэг гэдгийг эмч, мэргэжилтнүүд онцолж байна.
Ихэнх хорт хавдрын шалтгааныг
нарийвчлан тогтоох боломжгүй байдаг бол умайн хүзүүний хорт хавдрын шалтгааны
99.7 хувь нь хүний хөхөнцөр вирус буюу папиллома вирусний халдвар гэдгийг
тогтоожээ. Тиймээс хүний папиллома вирусний халдвараас урьдчилан
сэргийлэх зорилгоор дархлаажуулалтад хамруулж байна.