Ж.Байден зэвсгийн нэмэлт багц тусламжийг Украинд илгээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН, 2024 оны
арваннэгдүгээр сарын 29 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байдены засаг захиргаа
725 сая долларын үнийн дүн бүхий цэргийн багц тусламжийг Украинд олгохоор
төлөвлөж байна. Энэ тухай Ройтерс агентлаг Вашингтон дахь албаны хоёр эх
сурвалжийн ярьснаас эш татан мэдээллээ.
Тусламжийн багцад Америкийн
армийн нөөцөд байгаа танк эсэргүүцэгч төрөл бүрийн зэвсгүүд, газрын мина,
нисгэгчгүй онгоц, “Стингер” зенитийн пуужингийн цогцолбор болон HIMARS тийрэлтэт
системд зориулсан сум хэрэгслүүд багтаж байна. Энэхүү тусламж нь сүүлийн
үед эрчимжиж буй Оросын цэргийн давшилтыг зогсооход нь Украины зэвсэгт
хүчинд тус дөхөм болох юм.
Д.Трамп албан тушаалдаа орохоос өмнө Украиныг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлэхийн тулд Киевт нэмэлт тусламж үзүүлэхийг Жо Байден эрмэлзэж байна хэмээн Ройтерсийн эх сурвалжууд онцолсон байна.
Д.Трамп сонгуулийн
сурталчилгааныхаа үеэр Украинд цэргийн тусламж үзүүлэхэд тавьж буй нөхцөл
болзлуудыг шүүмжилж байсан бөгөөд Украины асуудлыг эрхэлсэн тусгай элчээрээ Кит
Келлогийг томилсон билээ. К.Келлог бол дайныг нэн даруй зогсоох төлөвлөгөөг
боловсруулсан хүмүүсийн нэг бөгөөд хэрвээ Киевийн эрх баригчид Москватай
хэлэлцээ эхлүүлэх алхмыг хийхгүй бол цэргийн тусламж үзүүлэхээс татгалзаж
болзошгүй гэдгийг төлөвлөгөөнд тусгасан байна.
Politico сонинд мэдээлснээр
бол, энэ сарын 25-ны өдөр Ж.Байден Украинд 24 тэрбум долларын нэмэлт тусламж
үзүүлэхийг Конгресст нууц байдлаар санал болгожээ. Гэхдээ ийм санаачилгыг Конгресс
дэмжих магадлал тун бага.
Үүний сацуу, Америкийн ATACMS пуужингуудыг
Оросын нутаг дахь цэргийн объектууд руу харвахыг зөвшөөрсөн гэдгээ Цагаан ордон албан ёсоор баталлаа. АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний
аюулгүй байдлын зөвлөх Ж.Салливан мэдэгдэхдээ, энэ алхам бол
хямралыг өргөжүүлж байгаа хэрэг биш, харин Умард Солонгосын олон мянган цэргийг
дайнд татан оролцуулж буй Москвагийн үйлдэлд Украины холбоотнуудын зүгээс авч буй хариу арга
хэмжээ гэдгийг онцлон тэмдэглэлээ.