ХОВД: Багуудын Иргэдийн нийтийн хурал болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-11-29 00:26:11

Жаргалант, 2024 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сум 12 багтай.  

Тус сумын Засаг даргын захирамж, баталсан хуваарийн дагуу Багуудын Иргэдийн нийтийн хурлыг үе шаттай зохион байгуулж байна. 

Энэ сарын 28-нд Жаргалант сумын гурван багийн Иргэдийн нийтийн хурал боллоо. Онцолбол, Алагтолгой багийн Иргэдийн нийтийн хуралд 100 гаруй иргэн оролцсон юм.


Энэ үеэр Жаргалант сумын Засаг дарга Б.Амартүвшин, Алагтолгой багийн Засаг дарга Б.Нямсүрэн, Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгч Л.Ганбаатар тэргүүтэй албаны төлөөлөл иргэдтэй уулзаж, цаг үеийн ажил, цаашдын зорилго, зорилтоосоо хуваалцлаа.

Мөн иргэд аймаг, сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон 2025 онд аймаг, сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийх ажилд саналаа өгөв.   


Иргэдийн зүгээс: 

  • Алагтолгой багийн нутаг дэвсгэрт инженерийн шугам сүлжээ тавих
  • Газар олголтыг нэмэгдүүлэх
  • Зарим зах, худалдааны төвийн гадна орчны тохижилтыг сайжруулж, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангуулах
  • Өрхийн эмнэлэгтэй болох
  • Нүүрс олголтыг нэмэгдүүлж, чанарт анхаарах
  • Авто замын засвар үйлчилгээг сайжруулах 
  • Өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх
  • Гэрэлтүүлэг, камержуулалтыг нэмэгдүүлэх гэх мэт олон санал хэлж байна. 

Мөн тус хурлын үеэр иргэдийн олонхын саналаар Ц.Энхцэцэг Алагтолгой багийн Иргэдийн нийтийн хурлын даргаар сонгогдлоо. 


Түүнчлэн Жаргалант сумын Засаг даргын захирамж, баталсан хуваарийн дагуу энэ сарын 28-нд Бичигт багийн Иргэдийн нийтийн хурал боллоо. 


Энэ үеэр Бичигт багийн иргэд хот төлөвлөлт, газар олголт, камержуулалт, хог хаягдлын менежментийг сайжруулахад анхаарч ажиллахыг орон нутгийн удирдлагуудаас хүслээ.   


Мөн иргэдийн зүгээс: 

  • Орон нутгийн иргэд, өсвөр, залуу үеийнхнийг соён гэгээрүүлэх ажил зохион байгуулах
  • Малчин өрхүүдийг дэмжих
  • Хүүхдийн автобусны зорчих чиглэл хуваарийг тодорхой болгох
  • 13 дугаар цэцэрлэгийн барилгыг шинэчлэх
  • Агаар, хөрсний бохирдлыг бууруулахад анхаарах зэрэг санал хэлж байна.   

Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэрт 853 өрхийн 3100 гаруй иргэн амьдарч байгаа. Энэ удаагийн хурлаар Бичигт багийн Иргэдийн нийтийн хурлын дарга Б.Нэмэхбуян хоёр дахь удаагаа улиран сонгогджээ. 


Жаргалант сумын Бугат, Буянт, Тахилт, Магсаржав, Рашаант багийн Иргэдийн нийтийн хурал өнөөдөр болно. 

Холбоотой мэдээ