БАЯНХОНГОР: Хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2024 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангийн ажлын баг Баянхонгор аймагт ажиллалаа.
Хүүхдийн сангийн баг бүрэлдэхүүнийг аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат хүлээн авч уулзаж, аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхжаргал, НБХ-ийн дарга В.Наранчимэг болон Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Онцгой байдлын газар, Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газрын удирдлагууд оролцож, 2024 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, 2025 онд цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар харилцан санал солилцов.
Мөн үеэрээ Нэгдсэн эмнэлгийн Төрөх эмэгтэйчүүд, нярайн тасагт нярай хүүхдийг бүртгэх, эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн бүртгэл, хөтлөлттэй холбоотой шаардлагатай компъютер, техник хэрэгслийг гардуулан өгсөн юм.
Хүүхдийн сангийнхан ХГБХХГ, ЭМГ, ЗӨСТ, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж, Хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилт, орон нутагт явагдаж буй нөхцөл байдал, хүндрэл бэрхшээл, салбар бүрд хийсэн хөрөнгө оруулалтын ашиглалт, хамтын ажиллагааны үр дүнтэй танилцаж, уулзалт хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулсан байна.
НҮБ-ын Хүүхдийн сан болон НҮБ-ын Хүн амын сангаас 2027 он хүртэл Монгол Улсад хэрэгжүүлэх улс орны хөтөлбөрүүд 2023 оноос хэрэгжиж эхэлсэн. Монгол, НҮБ-ын хамтын ажиллагаа хүүхдийн боловсрол, хөгжил, эрх, эх хүүхдийн эрүүл мэндийг хангаж хамгаалах, залуучуудын хөгжил төдийгүй манай улсын нийт хүн ам, түүний дотор хөдөө орон нутгийн иргэдийн боловсрол, эрүүл мэндийг сайжруулах, охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжихэд чиглэж байна.