Румыний ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг дахин нягтална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-11-29 12:46:42

БУХАРЕСТ, 2024 оны арваннэгдүгээр сарын 29 /DW/. Румынд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалтын саналын хуудсуудыг дахин тоолох үүргийг тус улсын Үндсэн хуулийн цэцээс Сонгуулийн төв хороонд өгчээ.


Санал хураалтын дүнгээр Оросын тал баримтлагч, хэт барууны үзэлт улстөрч Кэлин Жоржеску хамгийн олон санал авсан юм.  


Румыний телевизийн Digi24 сувгийн эх сурвалжуудын ярьснаар, сонгуулийн дүнг луйвардсан байж магадгүй гэсэн хардлага сэрдлэгийг эцэслэхийн тулд ийм арга хэмжээ авчээ.  


Үүнтэй зэрэгцэн сонгуульд оролцсон хоёр дэвшигчээс “эхний шатны санал хураалтын дүнг хүчингүй болгох” хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна. Хүсэлт гаргасан нэр дэвшигч Попеску-гийн үзэж байгаагаар, Жоржеску нь сонгуулийн сурталчилгааныхаа санхүүжилтийн эх үүсвэрийг нууж, өөрийгөө “ил тод, бие даасан нэр дэвшигч”, “мөнгөгүйгээр том намуудтай өрсөлдөж байна” гэх мэтээр ярьж сурталчилснаар сонгогчдыг төөрөгдөлд оруулсан ажээ. Жоржескугийн сурталчилгааны явцад Хятадын TikTok платформ дээр байршуулсан түүний роликууд асар ихээр тархсан бөгөөд энэ нь зөвхөн блогчдын дэмжлэг ба рекламын орлогод тулгуурласан гэх нь эргэлзээтэй хэмээн Попеску үзэж байна.  


Румыний ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 24-ний өдөр болж, өмнө нь “Румынчуудын нэгдлийн төлөөх холбоо” гэдэг хэт барууны үзэлтнүүдийн намд харьяалагдаж байсан Кэлин Жоржеску 22,94 хувийн санал авч тэргүүлсэн бол “Румынийг аврах холбоо” либерал намаас нэр дэвшигч Елена Ласкони 19,17 хувийн саналаар удаалжээ. Гуравдугаарт 19,15 хувийн саналаар одоогийн ерөнхий сайд, Социал-демократ намаас нэр дэвшигч Марчел Чолаку орсон байна.


Сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалт 12 дугаар сарын 8-нд болно. 

Холбоотой мэдээ