Дин Лижэн цагаанаар тоглож хайнцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-11-29 21:38:22

СИНГАПУР,  2024 оны арваннэгдүгээр сарын 29 /ТАСС/. Хятадын шатарчин Дин Лижэн, Энэтхэгийн шатарчин Доммаражу Гукеш нарын дэлхийн аваргын титмийн төлөөх халз тоглолтын дөрөвдүгээр өрөг өнөөдөр болж тэнцээгээр дууслаа.  


Дин Лижэн цагаанаар тоглосон бөгөөд дөрвөн өргийн дараах байдлаар онооны харьцаа 2:2 боллоо. Маргааш Улаанбаатарын цагаар 17 цагт тавдугаар өргийн тоглолт эхэлнэ.


Их мастерууд Ретигийн гарааг сонгосны дараа тун хянуур тоглож эхлэв. 36 дахь нүүдэлдээ тэд бэрсээ солилцсон бол 42 дахь нүүдэлд байрлал гурван удаа давтагдсанаар хайнцжээ.


Дэлхийн аваргын төлөө хоёр шатарчин 14 өрөг тоглох бөгөөд эхний 40 нүүдлийг хийхэд 120 минут, дараа нь 30 минут /нүүдэл бүрийн дараа 30 секундийн нэмэлт хугацаа/ зарцуулах ёстой. Хэрвээ хэн нэг нь 14 дэх өргөөс өмнө 7,5 оноо авсан тохиолдолд ялагчаар тодорно. Харин тэнцэх аваас 12 дугаар сарын 13-нд тай-брейк буюу түргэн тоглолтоор аваргыг тодруулах юм.


Өдгөө 32 настай Хятадын их мастер Дин Лижэн дэлхийн аварга цолоо хамгаалахын төлөө тоглож байна. Тэрбээр өнгөрсөн онд Оросын шатарчин Ян Непомнящийг хожсоноор дэлхийн аварга болсон билээ. Норвегийн шатарчин Магнус Карлсен дэлхийн аварга цолоо хамгаалах тоглолт хийхээс татгалзсан тул Хятад, Оросын шатарчид аваргын титмийн төлөө өрсөлдсөн юм.


Харин өдгөө 18 настай Д.Гукеш анх удаа дэлхийн аварга цолны төлөө тоглож байгаа бөгөөд хожсон тохиолдолд шатрын түүхэн дэх хамгийн залуу аварга болох юм. Тэрбээр есдүгээр сард болсон Дэлхийн шатрын Олимпиадад оролцож, Энэтхэгийн шигшээгийн бүрэлдэхүүнд нэгдүгээр ширээнд 10 өрөг тоглохдоо 9 оноо авсан билээ.

Холбоотой мэдээ