Э.Макрон Эх дагинын сүмийг сэргээн засварласан урчуудад талархлаа илэрхийлэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМПАРИС, 2024 оны арваннэгдүгээр сарын 30 /Reuters/. Баасан гарагт Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Парисын Эх дагинын сүмийг сэргээн засварлахад гар бие оролцсон 1000 гаруй урлаачийг магтан сайшааж, таван жил хагасын өмнө гал түймэрт өртөж сүйдсэн гайхамшигт барилгыг сэргээн босгосныг “зууны шилдэг төсөл” гэж тодорхойлон дүгнэжээ.
Тэртээ 12 дугаар зуунд баригдсан энэхүү сүм бол Францын нийслэл хот дахь олны хайр хүндэтгэлийг хүлээсэн, жуулчдын
очих дуртай дурсгалт газруудын нэг бөгөөд ирэх
долоо хоногоос эхлэн жуулчид, католик шашинтнуудад үүдээ нээх ажээ.
Э.Макрон мужаан, чулуучин, урлагийн бүтээлийг сэргээн
засварлагчид, гал сөнөөгчид, хандивлагчид оролцсон үйл ажиллагааны үеэр
хэлэхдээ, бид урьд өмнө хэзээ ч ийм барилгыг харж байгаагүй, зууны шилдэг
төсөлд та бүгд өөрсдийн хувь нэмрээ орууллаа гэжээ.
“Нотр-Дамын сүм
гал түймэрт өртсөн нь үндэстний санаа сэтгэлийг чилээсэн үйл явдал
байсан бөгөөд та бүхний шийдэмгий байдал, шаргуу хөдөлмөр, тууштай байдлын ачаар сүмийг сэргээн босгож, эмчлэн эдгээж чадлаа” гэж Э.Макрон хэлсэн байна.
Сэргээн босголтын ажлын хүрээнд сүмийн орой, хүнхгэр тааз, тулгуур,
шилэн цонхнууд, чулууг сийлж хийсэн
амьтны дүрс бүхий борооны ус зайлуулах хоолойнуудыг хуучин янзаар нь сэргээн босгосон бөгөөд цагаан чулуу, алтан чимэглэлүүд нь урьд өмнөхөөсөө ч илүү гоёмсог
харагдана.
2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны орой францчууд төдийгүй дэлхий
дахинаараа сүмийн гол орой болон дээвэр галд шатаж байгааг сэтгэл түгшин харж байсан
үетэй харьцуулахад энэ бол тэс өөр сэтгэл догдлуулсан мөч байлаа.
Э.Макроныг Эх дагинын
сүмээр зочлох үед шинээр суурилуулсан цонхнуудаар гэрэл тусаж байгаа нь
түүнд гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн бололтой харагдаж байв. Тэрбээр гэргий
Брижит, Парисын захирагч Анн Хидалго болон бусад өндөр албан тушаалтнуудын хамт Эх дагинын сүмтэй үеэрээ “энэ бүхэн үнэхээр гайхалтай” гэж хэлж байв.