Холбооны мөрдөх товчооны захиралд К.Пателийг нэр дэвшүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-12-01 11:01:56

ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 1 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа өөрийн засаг захиргааны гол албан тушаалуудад хэд хэдэн томилгоог хийгээд буй Дональд Трамп Холбооны мөрдөх товчооны /ХМТ/ захирлын албан тушаалд хамтран зүтгэгч Каш Пателийг нэр дэвшүүлжээ.


“Каш бол авлига, хээл хахуулийг илчлэх, шударга ёсыг хамгаалах, Америкийн ард түмнийг хамгаалах үйлсэд өөрийн ажил мэргэжлээ зориулсан гайхалтай хуульч, мөрдөн байцаагч, “Америк эн тэргүүнд” бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө хүчин зүтгэгч мөн” гэж Д.Трамп “Truth Social” нийгмийн сүлжээний хуудсандаа бичсэн байна.


Д.Трамп ХМТ-ны одоогийн захирал Кристофер Врейг солино гэсэн таамаглалыг энэхүү мэдэгдэл баталж байна. Ерөнхийлөгч асан 2017 онд К.Врейг уг албан тушаалд нэр дэвшүүлж байсан боловч хожим нь тэд сөргөлдөх болжээ. К.Врейгийн үед Д.Трампын Мар-а-Лаго дахь эдлэн газарт нууцын зэрэглэлтэй баримт бичгүүдийг хайх зорилгоор нэгжлэг хийж байв.


Өдгөө 44 настай, холбооны улсын өмгөөлөгч, прокурор асан К.Патель бол Д.Трампын өмнөх засаг захиргааны үед дуулианд холбогдож байсан хүн юм. Тэрбээр Төлөөлөгчдийн танхимын тагнуулын хорооны дарга Девин Нунесийн туслахаар ажиллаж байжээ К.Пател энэ хугацаанд Д.Трампын 2016 оны сонгуулийн кампанит ажил болон Москвагийн хоорондын холбоо хамаарлын талаар ХМТ-ноос 2016 онд явуулсан мөрдөн шалгах ажиллагаанд Төлөөлөгчдийн танхимын бүгд найрамдахчуудын хийсэн шалгалтыг удирдаж байв .


Мөн Ерөнхийлөгч асанд импичмент зарлах эсэх асуудлаарх анхан шатны шүүх хурлын үеэр "зөвшөөрөлгүйгээр Д.Трамп, Украины хооронд албан бус харилцаа тогтоосон" хэмээн К.Пателийг сэжиглэж байсан боловч тэрбээр үүнийг үгүйсгэсээр иржээ. Жо Байдентай дахин өрсөлдөх зорилгоор Хантер Байденыг шалгахын тулд Киевт шахалт үзүүлж, Украины тусламжийг зогсоосон гэх үндэслэлээр Д.Трампад импичмент зарласан юм.


Д.Трампын ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа К.Патель түүний ойрын хүрээлэлд хэвээр үлдэж, ерөнхийлөгч асны баримт бичгүүдтэй танилцах эрхтэй цөөн хэдэн хүмүүсийн нэг байжээ. 


Тэрбээр өмнө нь ХМТ-г тагнуулын мэдээлэл цуглуулах үүргээс нь чөлөөлөх, Д.Трампын мөрийн хөтөлбөрийг дэмжихээс татгалзсан ажилтнуудыг нь илрүүлэхийг уриалж байжээ. К.Патель мөн хуйвалдаанд оролцогчид”, тэр дундаа хэвлэл мэдээллийнхнийг шалгах болно гэж байв.

 


Холбоотой мэдээ