ХОВД: Энэ сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-12-01 11:25:24

Жаргалант, 2024 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс энэ сард цаг агаар ямар байх талаар урьдчилсан төлөв мэдээлэл танилцууллаа.


Олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг хэлнэ.


Агаарын температурын сарын дундаж утга нь олон жилийн дунджаар нийт нутгаар -16-24 градус хүйтэн байдаг. Харин сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар 0-4 мм байдаг.


Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сард Алтайн өвөр говиор олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн байна. Мөн энэ сард хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджаас бага байх төлөвтэй.  


Өөрөөр хэлбэл, 12 дугаар сарын нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үед олон жилийн дунджаас 1-2 градусаар дулаан байна. Харин 12 дугаар сарын нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр олон жилийн дунджаас 1-2 градусаар хүйтэн байх юм. 


Энэ сарын нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үед цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна. 


Энэ сард агаарын температур ихэнх нутгаар тогтворгүй байх тул иргэд холын замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол үзэж, ажлаа төлөвлөхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.  


Холбоотой мэдээ