БАЯНХОНГОР: Говийн бүсэд бэлчээрийн даацад нийцсэн мал аж ахуй эрхлэх сайн туршлагыг хуваалцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-12-02 15:30:54

Баянхонгор, 2024 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн Говийн бүсийн түншлэлмйн форум-2024 үйл ажиллагаа Баянхонгор аймагт болов.


“Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийг Даян дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн баг хамтран хэрэгжүүлж буй. Орон нутагт бий болсон сайн туршлага, амжилтын түүхийг танилцуулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой тус үйл ажиллагаанд төслийн зорилтот Баянхонгор, Говь-Алтай аймгийн долоон сумын төрийн болон төрийн бус байгууллага, шинжлэх ухааны байгууллага, хувийн хэвшил, малчид, нөхөрлөл, хоршоодын 100 гаруй төлөөлөл оролцлоо.


Өнгөрсөн хугацаанд говийн бүсэд бэлчээрийн даацад нийцсэн мал аж ахуй эрхлэх чиглэлд малын чанар, үүлдрийг сайжруулах ажлыг хурга махлуулах туршлагатай хослуулан хэрэгжүүлснээр богино хугацаанд хурганы амьдын жинг 40-50 кг-д хүргэж, эдийн засгийн эргэлтэд оруулах, малчдын орлогыг бууруулахгүйгээр малын тоог цөөлөх урамшууллын тогтолцоог санаачлан хэрэгжүүлснээр төслийн бүс нутагт малын тоо сүүлийн 2 жилд 20 гаруй хувиар буурсан үр дүн гарсан байна.


Мөн бэлчээр тэжээлийн нөөц хангамжийг нэмэгдүүлэхэд хадлангийн талбай, бууцны хөлд ногоон тэжээл тариалах, дарш бэлтгэх болон дэвшилтэт шинэ технологи нэвтрүүлэх замаар малчдын амьжиргааг дэмжих чиглэлд цахилгаан хайчаар хонины ноос хяргах, ангилах практик сургалтуудыг зохион байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэгийг малчны бүлэг, нөхөрлөл, малчдад үзүүлсэн зэрэг туршлагыг танилцуулснаараа онцлог болов


Нэгдсэн зөвлөгөөний хүрээнд “Байгальд ээлтэй малчин” шагналыг төслийн говийн бүс нутгаас шалгарсан 14 малчинд гардууллаа. Энэхүү шагналыг төслийн санаачилга, дэмжлэгээр дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж нийт 85 малчныг шагнаж, урамшуулсан юм.  


Байгальд ээлтэй малчид өөрийн нутаг орны байгалийн нөөцийг зөв зохистой ашиглан, байгальд ээлтэй МАА эрхэлж, экосистемийн үйлчилгээг нэмэгдүүлэхэд идэвх санаачилга гарган оролцож бусад малчинд үлгэр дуурайлал үзүүлдэг бөгөөд жил бүр сумын Засаг даргаар ахлуулсан ажлын баг шалгаруулалтыг зохион байгуулж өргөмжилдөг байна.

Холбоотой мэдээ