ЗАВХАН: Хүртээмжтэй эрх тэгш нийгмийг бүтээхэд хүн бүрийн дэмжлэг чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-12-03 12:32:20

Улиастай, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Завхан аймаг 73.3 мянган хүн амтайгаас 3.9 хувь буюу, 2896 нь тусгай хэрэгцээт иргэн байна. 


НҮБ-аас 1981 онд жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг “Тусгай хэрэгцээтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг.


Энэ жил тус өдрийг "Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөө тусгай хэрэгцээтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” гэсэн уриатай тэмдэглэж байна. Энэ өдөр баяр, уриа лоозон төдий биш, тусгай хэрэгцээтэй иргэдийнхээ төлөө хийсэн ажлаа дүгнэж цэгнэх, цаашдын бодлогоо тодорхойлж, эрхийнхээ төлөө дуу хоолойгоо хүргэх өдөр юм.


Өнөөдөр Улиастайд тусгай хэрэгцээтэй иргэдэд зориулсан урлаг, спортын үйл ажиллагаа болж байна. Мөн тусгай хэрэгцээтэй иргэдийн дуу хоолойг сонсох нээлттэй уулзалт өдөрлөг болж байна.


Тусгай хэрэгцээтэй иргэдийн тоо жил ирэх тусам байнгын өсөх хандлагатай байна. Аливаа төрлийн осол гэмтлээс үүдэн олдмол байдлаар болон жирэмсэн эхийн амьдралын буруу зан үйл, удамшлын хүчин зүйлээс шалтгаалан төрөлхийн тусгай хэрэгцээтэй болсон. Эдгээр хүмүүсийн тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийж урьдчилан сэргийлж болох хүчин зүйлсэд онцгой анхаарч ажиллаж байна.


Нэгэнт тусгай хэрэгцээтэй төрсөн иргэдийн хувьд ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхалд өртөлгүйгээр бусадтай адил нийгмийн амьдралд оролцож бие даан амьдрахад нь шаардлагатай боломж нөхцөлийг бүрдүүлэх. Хууль эрх зүй, дэд бүтэц, нийгмийн харилцаа хандлага гээд олон зүйлийг өөрчилж, шинэчлэх талаар 24 сумын мэргэжилтнүүдэд жил бүр цуврал сургалтуудыг зохион байгуулдаг.


Мөн бусад төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн нийгмийн ажилтнуудтай нягт хамтран ажиллаж байна. Нийгмийн халамжийн сангаас 2024 онд тусгай хэрэгцээтэй иргэдэд үзүүлсэн хөнгөлөлт тусламжийг илүү тэгш, хүртээмжтэй хүргэхийг зорьсон. Тухайлбал тусгай хэрэгцээтэй иргэнийг хиймэл шүд хийлгэх хөнгөлөлт, тусгай хэрэгцээтэй хүүхдийн асран хамгаалагчид цэцэрлэг, сургуульд ирж очих унааны зардлын хөнгөлөлт, бүрэн хараагүй, ярианы болон сонсголын бэрхшээлтэй хүний харилцаа холбооны зардал, 1000 км-ээс дээш алслагдсан газарт оршин суудаг тусгай хэрэгцээтэй иргэний замын зардлын хөнгөлөлтүүдийг үзүүлсэн байна.


Дотоодын рашаан сувиллын хөнгөлөлт, оршуулгын зардал, сонсголын дижитал аппарат, түлшний үнийн хөнгөлөлт гээд нийт 1445 иргэнд зориулалтын дагуу халамжийн сангаас хөнгөлөлт, дэмжлэг олгожээ. 


Тусгай хэрэгцээтэй хүүхдийн эрүүл мэнд боловсрол, нийгмийн хамгааллын комисс нь нийт 16 удаа хуралдаж, 139 хүүхдийн байнгын асаргааны сунгалтыг хийж шинээр 16 хүүхэд орсон байна. Мөн 156 хүүхдэд эрүүл мэндийн бусад үйлчилгээнд зуучилж комиссын дүгнэлт гаргаж өгсөн байна.


Завхан аймагт Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын яам болон Азийн хөгжлийн банкны “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төсөл хэрэгжиж байгаа. Энэ төслийн дэмжлэгээр 2025 онд Улиастайд тусгай хэрэгцээтэй хүний хөгжлийн төвтэй болно. Тусгай хэрэгцээтэй иргэдийнхээ эрхийг хамгаалж, хүртээмжтэй, эрх тэгш нийгмийг бүтээхэд хувь хүн, төр, хувийн хэвшлийн байгууллага бүр иргэдийнхээ дуу хоолойг сонсож, дэмжиж, хамтран ажиллахыг уриалж байна гэж Завхан аймгийн ХХҮГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ