ЗАВХАН: Дулааны цахилгаан станцыг агаарын шугамтай холбох ажлыг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-12-03 15:19:06

Улиастай, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Завханы "Тосонцэнгэл" цахилгаан дамжуулах шугамыг Тэлмэн дэд станцтай холбоно.


Тосонцэнгэл 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг өнөөдөр 13:00-16:00 цагийн хооронд 110/35/10кВ-ын "Тэлмэн" дэд станцад холбохыг Алтай Улиастай эрчим хүчний салбар ТӨХК-аас мэдээллээ.


Энэ хугацаанд Завхан аймгийн Тэлмэн, Идэр, Нөмрөг, Цэцэн-Уул, Сантмаргаз, Сонгино, Түдэвтэй, Асгат, Баянхайрхан, Баянтэс, Тэс сумыг цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлах юм.


Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнээс хүчдэл авахгүй, дотоодын эх үүсвэрүүдээр цахилгаан эрчим хүчээр хангаж ажиллах тул бусад сумыг хязгаарлах шийдвэрийг ачааллаас хамаарч диспетчер гаргана.  


Тус цахилгаан дамжуулах агаарын шугам нь 61 км урттай.

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд барьж буй 30 МВт-ын дулааны цахилгаан станцын төслийн хүрээнд хийж байгаа бүтээн байгуулалт гэж Алтай Улиастай эрчим хүчний салбар ТӨХК-ийн Завхан салбарын Шуурхай зохицуулалтын албаны дарга Б.Пүрэвренчин мэдээлэв.  


Ташрамд, Тосонцэнгэлийн дулааны цахилгаан станцын төслийн ажил 2022 онд эхэлсэн. 22 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцыг энэ онд багтаан ашиглалтад оруулах бөгөөд ДЦС-ын барилга угсралтын ажилд гадаад, дотоодын 300 гаруй хүн ажиллаж байна. 

Холбоотой мэдээ