Саудын Арабад хүний эрхийн байдал сайжирч байгааг онцолжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-12-04 16:51:54

ЭР-РИЯД, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /Reuters/. Саудын Араб улс хүний эрхийн тал дээр ихээхэн ахиц дэвшил гаргаж байгаа бөгөөд 2034 онд болох 48 багийн тэмцээнд илүү олон хөгжөөн дэмжигчийг татахыг зорьж байна гэж 2034 оны хөл бөмбөгийн  ДАШТ-ийг улс орондоо зохион байгуулахыг эрмэлзэж буй Хаммад Альбалави мэдэгджээ.


2034 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж буй цорын ганц нэр дэвшигч болох Саудын Араб дахь хүний ​​эрхийн асуудалд олон нийт санаа зовниж буй энэ үед Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ФИФА/ ирэх долоо хоногт тэмцээнийг зохион байгуулах Саудын Арабын хүсэлтийг хэлэлцэж, санал хураалт явуулахаар төлөвлөж байна.


ДАШТ-ийг зохион байгуулах хүсэлт гаргах хорооны дарга Х.Альбалави хэлэхдээ, хүний ​​эрх, ялангуяа хөдөлмөрийн хууль тогтоомжид гарсан ахиц дэвшилүүд нь Саудын Арабын Vision 2030” хөтөлбөрийн хүрээнд нийгэм, эдийн засгийн байдлыг өөрчлөх амлалтын нэг хэсэг юм гэлээ. Тэрбээр Ройтерс агентлагт ярилцлага өгөхдөө “Бид маш урт замыг туулсан, цаашид ч хийх ёстой зүйлс их байна. Бидний зарчим бол өөрсдөдөө тохирсон зүйлийг хөгжүүлэх явдал юм. Бидний энэ үйл хэрэг 2016 онд эхэлсэн бөгөөд ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөөх өрсөлдөөнөөс шалтгаалаагүй” хэмээн ярьжээ.


Бид ажилтнуудад ажлын байраа солих эрх олгох санаачилгыг эхлүүлсэн. Одоо эдгээр ажилтны бичиг баримтыг төрийн бүртгэлийн системд байршуулж байгаа бөгөөд гэрээний хүрээнд эрхээ эдлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Мөн Засгийн газар ердөө сар хагасын өмнө засгийн газрын даатгалын шинэ бодлогыг зарласан. Эдгээр нь ДАШТ-ийг зохион байгуулах хүсэлт гаргасантай холбоогүй, харин Vision 2030хөтөлбөрийн нэг хэсэг юм” гэж Х.Альбалави хэлсэн байна.


Саудын Араб улс урьд хожид байгаагүй олон баг, олон хөгжөөн дэмжигчийг нэгэн дээвэр дор цуглуулахыг зорьж байгааг тэрбээр цохон тэмдэглэжээ. Санал хураалтын өмнө хүний ​​эрхийн байдалтай холбоотой томоохон шинэчлэлийг зарлахгүй бол 2034 оны тэмцээнийг зохион байгуулагчаар Саудын Арабыг сонгох үйл явцыг ФИФА зогсоох ёстой гэж Amnesty International” байгууллага, “Sport & Rights Alliance” холбооноос өнгөрсөн сард мэдэгдсэн юм.


ДАШТ аюулгүй, гэр бүлд ээлтэй орчинд явагдах бөгөөд согтууруулах ундаа худалдахтай холбоотой шийдвэрээс үл хамааран үзэгчид цэнгэлдэх хүрээлэнгийн дотор, гадна хаана ч бай цагийг сайхан өнгөрүүлэх болно гэж Х.Альбалави хэлсэн байна. Хөрш зэргэлдээ Катар улсад 2022 онд болсон ДАШТ-ий үеэр согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон юм.


"Саудын Арабад бид дэлхийн хэмжээний 100 гаруй спортын тэмцээн уралдааныг зохион байгуулсан. Эдгээр тэмцээний үеэр согтууруулах ундаагаар үйлчилдэггүй байсан хэдий ч гурван сая спорт сонирхогчийг татаж чадсан бөгөөд тэд дахин дахин ирж тэмцээнүүдийг үзэж сонирхсоор байгааг" тэрбээр жишээ болгон ярьжээ.


Х.Альбалави мөн Саудын Арабын эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн хурдацтай хөгжил, түүнийг дагасан дэд бүтцийг тус улсын хөгжил, нийгмийн өөрчлөлтийн тод жишээ болгон онцолсон байна. Түүний хэлснээр, гурван жилийн өмнө сургууль дээрээ хөл бөмбөг тоглодог охид огт байдаггүй байсан бол өнөөдөр зориулалтын байгууламжуудыг барьснаар 80 мянга гаруй охид энэ спортоор хичээллэж эхэлжээ.

 



 

Холбоотой мэдээ