Монгол, Сенегалын малчид туршлага солилцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. “Сенегал улсын бэлчээрийн мал аж ахуйд манай нүүдлийн мал маллах арга барилтай ижил төстэй болон ялгаатай талуудтай. Гэсэн хэдий ч Монголд төдийгүй дэлхий дахинд нүүдлийн аж ахуй эрхлэгч малчдад тулгарч буй асуудлууд ижил төстэй байгаа нь ажиглагдаж байна” хэмээн WIFI төслийн хүрээнд Сенегал улсад нүүдэлчин малчидтай туршлага солилцоод ирсэн Баянхонгор аймгийн Баянцагаан сумын хоршооны малчин Р.Хүрэлбаатар ярьж байна.
AVSF ТББ-ын WIFI төслийг Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Богд,
Жинст, Баянцагаан сумын хоршоодыг дэмжих хүрээнд Франц улсын Европ, Гадаад Хэргийн
яамны 800,000 еврогийн санхүүжилттэйгээр хэрэгжүүлж буй юм. Төслийн зорилго
нь хот суурин газрын оршин суугчдыг
хагас нүүдлийн, бэлчээрийн малын гаралтай, өндөр чанартай орон нутгийн махаар
хангаж, бэлчээрийн доройтлыг бууруулахад чиглэж буй ажээ.
Монгол Улс дахь Франц улсын Элчин сайдын яамны
дэмжлэгээр AVSF байгууллага, Баянхонгор аймгийн малчдын төлөөлөл
Сенегал улсад бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчидтэй туршлага солилцон, байгаль
цаг уурын өөрчлөлтөөр бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй асуудал, түүнийг
шийдвэрлэх арга зам, малын гаралтай бүтээгдэхүүний талаарх төрөөс баримтлах
бодлого, цаашид малчдын ажиллах ирээдүйн чиг хандлагын талаар санал солилцон,
мэдлэг туршлагаа хуваалцсан байна.
Монгол, Сенегал малчдын санал солилцох, практик уулзалтад Бөмбөгөр сумын залуу малчин Б.Болортуяа, Баянцагаан сумын малчин Р.Хүрэлбаатар, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны тэргүүн Д.Бурмаа нарын төлөөлөл оролцож, зүүн хойд Сенегалын Ферло, Дакарын өмнөд эргийн Сали орчмын бэлчээрийн бүсэд зочилсон байна. Хөтөлбөрийн эхний хэсэгт дээрх бүс нутгууд дахь сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нэгжүүд, малын зах, бэлчээр хамгаалал түүний нөхөн сэргээлт болон ойжуулалтын бүс нутаг, бэлчээрийн аж ахуй эрхлэгч малчин өрхүүдийн нөхцөл байдалтай танилцжээ.
Б.Болортуяа “Энэ бүсийн малчид амьд малаа үзэсгэлэн худалдаагаар
сурталчлан борлуулж, тогтмол орлогын эх үүсвэрээ бүрдүүлдэг нь сайн туршлага
болох”-ыг дурдсан бол, Р.Хүрэлбаатар “Бэлчээр ашиглагчдын бүлэг нь хоршоон
дотроо нүүдэллэн ирж буй малчдыг хүлээн авах комисс байгуулан, шаардлагатай
мэдээ мэдээллээр хангаж, хуваарилсан газар нутагт суурьшуулан маргаан
зөрчилдөөнөөс сэргийлдэг нь авууштай туршлага байсныг онцолж байв.
Хөтөлбөрийн удаах хэсэгт, “Африк дахь (Агро) бэлчээрийн мал аж ахуй: Өнөөгийн байдал ба хэтийн төлөв” сэдэвт олон улсын академик хуралд оролцож, Д.Бурмаа Монгол Улсын бэлчээрийн мал аж ахуйн өнөөгийн нөхцөл байдал болон Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос хэрэгжүүлж буй санал санаачилгыг танилцуулжээ.