ГОВЬ-АЛТАЙ: Өвлийн идшээ орон нутгаасаа бэлтгэх боломжийг "Хүргэлт" үйл ажиллагаа бүрдүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай, 2024 оны 12 дугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод суугаа нутгийн иргэдэдээ ченжийн гар дамжуулахгүйгээр орон нутгаасаа өвлийн идшээ бэлтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор “Хүргэлт” үйл ажиллагааг тав дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэ жил тус ажлын хүрээнд 17 сумын малчдын бэлтгэсэн махыг тээвэрлэн Улаанбаатар хотод оршин суугаа Алтайн иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулах тухай Говь-Алтай аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
Хүргэлтийн хүрээнд нийлүүлж буй мах нь тус аймгийн шинээр брэнд бүтээгдэхүүн болгон хөгжүүлж буй “Шимт богц" брэндийн махны багц бөгөөд стандартын дагуу хайрцаглаж савласан байна.
Махны худалдааг 2024 оны 12 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд Улаанбаатар хотын иргэд “Шимт богц” онлайн худалдааны сайт https://brand-altai.zochil.shop дамжуулан амт чанар сайтай махыг захиалан, хүргүүлж авах боломжтой юм.