ХОВД: Хөнгөлөлттэй үнээр нүүрс олгох цэгүүдийг тогтоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-12-06 09:21:58

Жаргалант, 2024 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын гэр хорооллын бүсэд амьдарч буй 6000 орчим өрхөд хөнгөлөлттэй үнээр нүүрс олгох ажил хуваарийн дагуу үргэлжилж байна.


Орон нутгийн иргэд, олон нийтийн санал хүсэлтийн дагуу өнөөдөр Жаргалант сумын Засаг дарга Б.Амартүвшин захирамж гаргаж, хөнгөлөлттэй үнээр нүүрс олгох гурван цэгийг тогтоолоо.


Ингэснээр Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хоёр түлшний зах болон Залуус хорооллын ойролцоох Бугат багийн цэгээс иргэд хуваарийн дагуу нүүрсээ авахаар болжээ.


Нүүрс олгох цэг, хуваарийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Жаргалант сумын 12 багийн Засаг дарга, нийгмийн ажилтнаас тодруулах боломжтой.  


Жаргалант сумын ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Гончигсүрэнгээр ахлуулсан ажлын баг энэ сарын 5-нд нүүрс олгох ажилтай газар дээр нь танилцлаа. Энэ үеэр нийтийн эзэмшлийн газарт орчны бохирдол, эмх цэгцгүй байдал бий болгохоос урьдчилан сэргийлж, нүүрсний чанар, тэгш хүртээмжтэй байдлыг бүрдүүлэхэд анхаарахыг тээвэрчдэд зөвлөлөө. Мөн цаашид зориулалтын бус газар, зөвшөөрөлгүй цэгүүдэд нүүрс олгохгүй байхыг анхаарууллаа.  

Холбоотой мэдээ