“Амьтдын тухай 50 ном” уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг дэлгэлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын дэргэдэх “Номын ертөнц” клубээс санаачлан жил бүр зорилтот уншигчдад чиглэсэн 50 номын жагсаалтыг зарлаж байгаа билээ.
Энэ хүрээнд “Азтай савар” төрийн бус байгууллагатай хамтран “Амьтдын тухай 50 ном”-ыг нэрлэсэн юм. Тэгвэл номын тэмдэглэлийн уралдаан, хүүхдийн номын бүтээлүүдээс бүрдсэн үзэсгэлэнгээ өнөөдөр Оросын соёл, шинжлэх ухааны төвд нээлээ. “Амьтдын тухай 50 ном”-ын тэмдэглэлийн уралдааныг улс орон даяар зарлаж, нийслэл болон орон нутгийн Ерөнхий боловсролын сургуулиудаас 1-12-р ангийн 1500 гаруй суралцагч оролцон, бүтээлээ ирүүлсэн байна.
Амьтдын тухай илүү ихийг танин мэдэх, тэд бидний амьдралыг болон дэлхийн ертөнцийг хэчнээн өнгөлөг, утга учиртай болгож байгааг ухааруулахад энэхүү уралдааны гол зорилго оршиж байгаа юм. Түүнчлэн хүүхдүүдийг номтой нөхөрлүүлж, нийтийн уншлагыг дэмжих, зохиолч, орчуулагчдын ном бүтээлийг сурталчлах, ном хэвлэлийн салбарыг өргөн хүрээнд дэмжихэд “Амьтдын тухай 50 ном” уралдааны зорилт чиглэжээ.
Уралдааны нэгдүгээр байрыг “Капитрон” банк, хоёрдугаар байрыг нийслэлийн Хан-Уул дүүргийн Гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, гуравдугаар байрыг УИХ-ын гишүүн А.Ганбаатар нар ивээн тэтгэжээ. Харин дэмжигчээр “Аргун кидс” компани, НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн, Хүүхдийн зохиолчдын “Эвт үзэг” төв, “Гэрэн” хүүхдийн номын дэлгүүр, “Либро сувд” агентлаг, “Саян” хэвлэлийн газар, мэдээллийн дэмжигчээр үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, NTV телевиз ажиллаж байгаа юм. Харин Боловсролын яам үйл ажиллагааг бодлогын хувьд дэмжин ЕБС-иудад мэдээлэл түгээн ажиллаж байна.
Үзэсгэлэнг энэ сарын 9-нийг дуустал гаргах бөгөөд энэ хугацаанд ЕБС-ийн сурагчид, багш, нийгмийн ажилтан, захирал, номын санчдыг үзэх боломжтой. Үзэсгэлэнгийн үеэр хүүхдийн ном эрхлэн гаргадаг хэвлэлийн газруудын үзэсгэлэн худалдаа, хүүхдийн номын зохиогч, хэвлэн нийтлэгчдийн илтгэл, хэлэлцүүлэг, чөлөөт уулзалтууд зохион байгуулна.