БАЯНХОНГОР: Авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР![](/files/675681926e722.jpeg)
Баянхонгор, 2024 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн албаны дарга, эрхэлсэн комиссар Ц.Шинэбаяраар ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна.
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдрийг авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн НҮБ-аас тунхагласан. Энэ өдөр ажлын хэсгийнхэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд шинээр бүрэлдсэн ИТХ, төлөөлөгч нарт авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлан таниулж байна.
ИТХ-д шинээр сонгогдсон төлөөлөгчид болон ИТХ-ын ажлын алба, төрийн байгууллагын нийт 300 гаруй албан тушаалтан тус үйл ажиллагаанд хамрагдаж байгаа юм.
Сургалтаар авлигын эсрэг хууль тогтоомж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хуулийн хэрэгжилт, үр дүн, анхаарах асуудлын талаар цогц мэдээллийг өгч байна.
Ажлын хэсгийнхэн төлөөлөгч нарт авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр заавар зөвлөгөө өгч, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, авлигын эсрэг соён гэгээрүүлэх өдөрлөг, арга хэмжээг орон нутагт зохион байгуулж байгаа юм. Маргааш төрийн болон орон нутгийн өмчит газруудын удирдах албан тушаалтан, аймгийн ЗДТГ, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг хэлтэс, алба, тасаг, нэгжийн дарга нарын дунд тус сургалт, үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.