ДУНДГОВЬ: Гавьяат багш С.Чимэдийн нэрэмжит англи хэлний олимпиадыг 19 дэх жилдээ зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-12-09 14:46:45
altantogos

Мандалговь, 2024 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат багш С.Чимэдийн нэрэмжит говийн бүсийн аймгуудын англи хэлний XIX олимпиад боллоо.


Сурагчдын англи хэл сурах идэвхийг өрнүүлэх, элсэлтийн шалгалтад бэлтгэх чиг баримжаа олгох, англи хэлний сургалтаар манлайлж байгаа сургууль, багш, сурагчдыг тодруулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.


Олимпиадад Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн 546 сурагч 21 багш оролцож, оюун ухаанаа сорин өрсөлдөв.


Оролцогчид 6-8, 9-12 дугаар ангийн төрөлд хэл зүйн дүрэм, үгсийн сан, унших, сонсох, зохион бичих чадвараар өрсөлдсөн бол багш нар хэл зүйн дүрэм, үгсийн сан, унших, сонсох, зохион бичих, ярих зэрэг чадвараар оюунаа сорьжээ.  


Тус олимпиадын нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун оролцож хэлсэн үгэндээ, "Гадаад хэлийг сурснаар олон улстай хөл нийлүүлэн алхах боломж бүрдэнэ, тиймээс цаашид олимпиадыг илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулах шаардлагатай хэмээн онцлоод, ирэх жилийн олимпиадыг иргэдийн дунд зохион байгуулах нь зүйтэй гэж тодотгосон юм.


Олимпиадын дүнг анги тус бүрээр гаргахад 28 шилдэг сурагчийн 64 хувь нь Өмнөговь аймгийн оролцогчид байлаа. 




Холбоотой мэдээ