“Анна Каренина”-г өнөөдрөөс эхлэн таван удаа үзэгчдийн хүртээл болгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. “Анна Каренина” жүжиг өнөөдрөөс энэ сарын 15-ныг хүртэл Улсын драмын эрдмийн театрын тайзнаас олны хүртээл болно.
Оросын алдарт зохиолч Л.Н.Толстой “Анна Каренина” романыг 1873-1877 онд бичиж, 1878 онд бүрэн эхээр нь анх хэвлүүлсэн бөгөөд утга зохиол шүүмжлэгчид энэхүү зохиолыг бүх цаг үеийн хамгийн шилдэг зохиол хэмээн үнэлсэн билээ.
Тэгвэл манай улсад УДЭТ-ын ерөнхий захирал, Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулсан эл жүжиг анх 2020 онд нээлтээ хийсэн бөгөөд тухайн үед нэг сарын турш тайзнаа тоглоход 17 мянга орчим хүн үзсэн байдаг. Анхны Анна Каренинагийн дүрийг соёлын тэргүүний ажилтан Н.Баярмаа амилуулж байсан бол энэ удаа залуу жүжигчин О.Хонгорзулын тоглосноор үзэгчдэд хүрэх юм.
“Анна Каренина” зохиол дэлхийн олон оронд орчуулж, сая сая уншигчдын хүртээл болсон төдийгүй жүжиг, кино болон урлагийн бусад хэлбэрээр олон дахин бүтээгдэж нэр алдрын оргилд хүрсэн сонгодог бүтээл юм. Уг зохиолд гол баатар Анна болон түүний бэр эгч Долли, Доллигийн дүү Кити хэмээх гурван эмэгтэйн хайр дурлал, сонголт, хувь тавилангийн тухай өгүүлнэ. Уг зохиолд урвалт, сүсэг бишрэл, гэр бүл, гэрлэлт, Оросын эзэнт гүрний аж байдал, хайр дурлал, хот хөдөөгийн амьдралын ялгаа гэх мэт маш өргөн хүрээтэй сэдвийг хөндсөн байдаг.
Энэхүү
зохиолд нөхөрт гарсан язгууртан авхай Анна залуухан офицер Алексей Вронскийд
хайр сэтгэлтэй болж, үүнээсээ болж Санкт-Петербургийн ихэс дээдсийн хүрээллийн
дарамтад өртөж, улмаар хайр сэтгэлийнхээ төлөө хамтдаа Итали руу зугтдаг. Орос
руу буцаж ирэхэд тэдний хамтын амьдрал төгсгөл болохоос аргагүй байдалд хүрнэ.