ОРХОН: Түүхт ойн хүрээнд соёл, спортын олон үйл ажиллагаа зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2024 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Эрдэнэт үйлдвэрийн харьяа орос хэлний сургалттай 19 дүгээр дунд сургуулийн 50 жилийн ой энэ онд тохиож байна.
Ойн хүрээнд тус сургуулийнхан жилийн турш соёл, спортын олон талт үйл ажиллагаа зохион байгуулж, сурагчдынхаа амжилтаар түүхт ойдоо бэлэг барьж буй. Тус сургууль нийт төгсөгчийнхөө дунд “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг зохион байгууллаа.
Энэ үеэр төгсөгчдийн төлөөлөл болон сурагчид асуулт хариултын уралдаанд оролцож, төрөлх сургуулийнхаа үүх түүх, хөгжил дэвшил, ололт амжилтын талаар мэдээлэл солилцож, мэдлэгээ нэмлээ. Мөн хоёр сэдвээр “Дурсамж” хичээл зааж, өдөрлөгт ирсэн төгсөгчдөдөө сурагч нас, сургуулийн он жилүүдийг нь эргэн сануулсанд сэтгэгдэл өндөр буйгаа ярьж байлаа.
Түүнчлэн, авьяаслаг сурагчдын урлагийн тоглолт болж, эцэг эхчүүд багш нартаа толилуулахын зэрэгцээ төгсөгчид, сурагчдын хамтарсан бүжиг болон сурагчид волейболоор өрсөлдөн аваргуудаа тодруулсан байна.
Түүхт 50 жилийн ойтойгоо золгож буй 19 дүгээр дунд сургуульд түүхэн замналынх нь туршид нийт 3400 хүүхэд суралцаж төгссөн байна. Гадаад, дотоодын их, дээд сургуульд суралцан, одоо эх орныхоо өнцөг булан бүрд амжилттай ажиллаж, хөдөлмөрлөж буй төгсөгчдөөрөө маш их бахархдаг тухай сургуулийн захирал С.И.Степанова энэ үеэр хуваалцсан юм. Тус сургуулийн 50 жилийн ойн хаалтын нэгдсэн үйл ажиллагаа ирэх оны 3 дугаар сард болно.Энэ үеэр тус сургуулийн үе, үеийн төгсөгчид болон сурагчдын хамтарсан хүндэтгэлийн концерт тоглох юм.