ДУНДГОВЬ: Аавынхаа нандигнан хайрладаг байсан сампинг аймгийн музейд хандивлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-12-12 15:02:46
altantogos

Мандалговь, 2024 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Ахмад дайчин Ц.Навааны хэрэглэж байсан 100 гаруй жилийн түүхтэй хятад модон сампин Дундговь аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байна. Уг сампинг түүний охин, ахмад багш Н.Мөнхцэцэг энэ жил музейд хандивлажээ.


Цэнджавын Наваан Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат. 1921 онд төрж, 18 насандаа цэрэгт татагдан, 5 жил цэргийн алба хааж нутагтаа ирсний дараа 3 жил мал маллажээ. Түүний дараа сумын агентаар ажиллаж байхдаа уг сампинг ашиглаж байсан байна.  


Энэ тухай охин Н.Мөнхцэцэг “аав маань энэ сампинг агент хийдэг байхдаа хэрэглэдэг байсан. Агентаар 6 жил гаруй хугацаанд ажилласан байх. Тэгээд дараа нь жолооч болсон юм.


Сампингаа ашиглахаа байсан ч гэсэн түүнийг маш их нандигнан хайрладаг, биднийг сургуульд ороход сампиндаа тоо бодохыг зааж өгдөг байсан. Сампингаар тоо бодож байгааг нь харахад үнэхээр бахархмаар байдаг сан. Ааваасаа хойш би энэ сампинг их олон жил хадгалж байгаад аймгийнхаа музейд хүлээлгэн өглөө” гэсэн юм. 



Холбоотой мэдээ