ЗАВХАН: Хүүхдүүд өв соёлоо 3500 гаруй хүнд сурталчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-12-18 14:43:19

Улиастай, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Завханы хойд бүсийн 7 сумын ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд өв соёлоо сарын турш сурталчилжээ.


Соёлын яамнаас зохион байгуулсан соёлын бүтээлч сар аяныг хойд бүсийн сумд үр дүнтэй зохион байгуулсан байна. 


Тухайлбал, соёлын бүтээлч сарын хүрээнд нүүдэлчдийн өв санг түгээн дэлгэрүүлэх, эзэмшүүлэх, өвлүүлэх. Өв соёлоо сурталчлах, өвлөн уламжлагчид хүүхэд залуучуудын авьяас чадварыг хөгжүүлэх, харилцан суралцах зорилгоор олон талын үйл ажиллагааг зохион байгуулж, бүсийн 3500 гаруй иргэн хүүхэд багачуудад өв соёлоо таниуллаа.  


Монгол үндэстний соёл урлаг, зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, соёлын солилцоог хөгжүүлэх зорилготой бүсийн тэмцээнийг мөн зохион байгуулжээ.  


Асгат, Баянхайрхан, Баянтэс, Тэс, Түдэвтэй, Сонгино, Нөмрөг сумын ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн суралцагчдын дунд ”Өв соёлоо сурталчлахуй-2024” уралдааныг Асгат сумын Соёлын төвд амжилттай зохион байгуулсан юм. Өв соёлоо сурталчлахуй уралдааныг 7 төрлөөр явуулж шилдгүүдээ тодруулсан юм.


Сум бүрийн сургуулийн багийн мэндчилгээ, ”Миний сумын өв соёл” илтгэлийн уралдаан, багаараа номын бүтээлч тэмдэглэл хөтөлж, дүрийн тоглолт хийх. Язгуур урлаг, монгол ардын бүжиг, найрал дуу, гар урлалын үзэсгэлэн зэрэг төрлөөр хүүхдүүд авьяас чадвараараа өрсөлдлөө.


Анх удаа зохион байгуулсан энэ тэмцээний тэргүүн байрыг Асгат сумын ерөнхий боловсролын сургуулийн 12а анги эзэлж өргөмжлөл, 1 сая төгрөг, хүүхэд бүр цомын эзэн болов. Хоёрдугаар байрыг Түдэвтэй сумын ерөнхий боловсролын сургуулийн баг эзэлж өргөмжлөл, 800 мянган төгрөг, хүүхэд бүр цом, гуравдугаар байрыг Асгат сумын ерөнхий боловсролын сургуулийн 10а анги эзэлж өргөмжлөл, 600 мянган төгрөг, хүүхэд бүр цомын эзэн боллоо.


Тусгай байрыг Сонгино, Тэс сумын ерөнхий боловсролын сургуулийн багууд эзэлж тус бүр өргөмжлөл, 200 мянган төгрөгөөр шагнууллаа. Баянхайрхан, Баянтэс сумын ерөнхий боловсролын сургуулийн багууд мөн тусгай байр эзэлж тус бүр өргөмжлөл, 150 мянган төгрөгөөр шагнуулсан байна гэж Асгат сумын Соёлын төвөөс мэдээлэв.


Цаашид жилийн турш хүүхдүүд монголын өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, олон нийт, үе тэнгийнхэндээ сумынхаа нутаг дэвсгэрт орших соёлын дурсгалт газрууд, буган чулуун хөшөөний хадгалалт хамгаалалтыг сайжруулах, таниулах олон талын үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон гэж нэмж дуулгалаа. 

Завхан аймгийн Асгат сум анх 1984 онд “Баянхайрханы ТАА” нэртэйгээр байгуулагдаж байв. Өдгөө тус сум тойргийнхоо сумдыг үр тариа, өвс тэжээлээр хангаж буй.

Хүүхдүүд атарчдын яруу алдрыг дүрийн тоглолтоор үзүүлэв


Хүүхдүүд монголчуудын хуримын зан үйлийг дүрийн тоглолтоор үзүүлж байна

Холбоотой мэдээ