Миланд олон нийтийн газар тамхи татахыг хориглоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2024-12-18 17:24:02

РОМ, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /Anadolu/. Италийн хоёр дахь том хот болох Миланы засаг захиргаанаас агаарын чанарыг сайжруулах хүрээнд 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ил задгай нийтийн эзэмшлийн талбайд тамхи татахыг хориглоно.


Цэнгэлдэх хүрээлэн, цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар, автобусны зогсоол зэрэг нийтийн эзэмшлийн газар тамхи татахыг хориглосон 2021 оны хязгаарлалтад үндэслэн энэхүү шинэ журмыг гаргасан байна. Үүний дагуу гадаа тамхи татахдаа зөвхөн зориулалтын тусгай бүсэд очих ёстой бөгөөд бусдаас дор хаяж 10 м зайтай байх ёстой. Зөрчил гаргасан хүмүүст 40-240 хүртэлх еврогийн /43-258 доллар/ торгууль ногдуулна.


Энэхүү арга хэмжээ нь 2050 он гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг хоёр дахин бууруулахын тулд байгаль орчныг хамгаалах чиглэлд хэрэгжүүлж буй томоохон санаачилгын нэг хэсэг юм. 


Харин тамхи үйлдвэрлэгчид болон жижиглэнгийн худалдаачдын зүгээс "ийм зохицуулалтыг хэрэгжүүлэх эрх мэдэл хотын захиргаанд байхгүй" гэж үзэн хориг тавих хүсэлтийг мужийн шүүхэд гаргахаар төлөвлөж байгаа ажээ.


Энэ оны дөрөвдүгээр сард Италийн хойд нутгийн аж үйлдвэрийн томоохон хот болох Туринд дээрхтэй төстэй хоригийг баталж, гадаа орчинд бусдаас 5 м-ээс дотогш зайд байгаа үед тамхи татахыг хоригложээ.



Холбоотой мэдээ