“Алтан охин” М.Анхцэцэг тамирчны замналаа дуусгаж байгаагаа зарлалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Хүндийг өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс долоон медаль хүртсэн гавьяат тамирчин М.Анхцэцэг “Монгол” телевизийн “Өнөө өглөө” хөтөлбөрийн зочноор уригдаж, ярилцах үеэрээ их спортоо орхиж байгаагаа ярьсан байна.
Хэдхэн хоногийн өмнө Бахрейны Манама хотод болсон ДАШТ-ээс огцом өргөлтөөр мөнгөн медаль хүртсэн тэрбээр тамирчны 17 жилийнхээ замналд цэг тавьж байгаагаа хэлсэн юм.
М.Анхцэцэг нэвтрүүлгийн төгсгөлд ярихдаа, “Саяхан болж өнгөрсөн ДАШТ бол миний сүүлчийн тэмцээн байлаа. Би 17 жил хүндийг өргөлтийн спортоор хичээллэлээ. Энэ хугацаанд маш их хөдөлмөр, мөн олон зүйлийг золиосолсон. Одоо эрүүл мэнддээ анхаарах цаг болсон байна. Өөрийнхөө эрүүл мэндийн байдлыг мэдэж байсан болохоор сүүлийн Олимп, сүүлийн ДАШТ ихээхэн онцлогтой. Заавал медаль авах ёстой гэж зүтгэсэн. Мөн өөрт төрсөн мэдрэмжүүд маань өөр байсан. Зарим зүйлд сэтгэл хорогдоод, тэмцээнийхээ заалнаас явмааргүй санагдах ч үе байлаа. Өнөөдөр надад тохой, бугуй, өвдөг, мөр, шагай, нуруу гээд бэртэж үзээгүй нэг ч үе байхгүй. 17 жил тасралтгүй үзлээ. Өөрийнхөө хувьд харамсахааргүй, сайхан амжилтууд гаргасан гэж бодож байна. Сүүлийн хоёр жил дексаметазон тариаг асар их тариулсан. Түнх рүүгээ 7 хоногт нэг удаа, эсвэл сард хоёр удаа гээд байнга хүчтэй тариа хийлгэж ирсэн. Тэгэхээр одоо эрүүл мэнддээ, гэр бүлдээ анхаарах цаг ирлээ. Нөхрөө дэмжиж, эцэг эх, үр хүүхдэдээ цаг зарцуулж, амьдарч үзмээр санагдаж байна” хэмээлээ.
2009 онд 12 настайгаасаа хүндийг өргөлтийн спортод хөл
тавьсан тэрбээр 13 насандаа спортын мастер, 14 настайдаа олон улсын хэмжээний
мастер цолд хүрч Монголын хүндийг өргөлтийн спортын бүх анхдагч, дээд
амжилтуудыг тогтоосон билээ. Түүний олон улсад үзүүлсэн томоохон амжилтыг
дурдъя.
2014 он: Өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгөн медаль
2014 он: Залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медаль
2015 он: “Дэлхийн цом”-ын тэмцээний хүрэл медаль
2016 он: Залуучуудын ДАШТ-ий алтан медаль (Монголоос анх
удаа)
2016 он: Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий алтан медаль
(Монголоос анх удаа)
2016 он: “Рио-2016” олимпын наадмын шагналт VIII байр
2016 он: Залуучуудын Азийн АШТ-ий алтан медаль
2016 он: Оюутны ДАШТ-ий алтан медаль (Монголоос анх удаа)
2017 он: Залуучуудын Азийн АШТ-д хоёр дахиа түрүүлсэн
2017 он: Азийн танхимын болон тулааны спортын наадмын алтан
медаль
2017 он: Насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медаль (огцом
өргөлт)
2019 он: Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгөн медаль
2019 он: Насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медаль (огцом
өргөлт)
2019 он: “Дэлхийн цом”-ын тэмцээний алтан медаль
2020 он: “Токио-2020” олимпын шагналт IV байр
2021 он: Насанд
хүрэгчдийн ДАШТ-ий мөнгөн медаль (огцом өргөлт)
2021 он: Насанд хүрэгчдийн ДАШТ-ий мөнгөн медаль (түлхэлттэй өргөлт)
2021 он: Насанд хүрэгчдийн ДАШТ-ий алтан медаль (нийлбэр дүнгээр)
2022 он: Насанд хүрэгчдийн ДАШТ-ий мөнгөн медаль (түлхэлттэй өргөлт)
2024 он: Насанд хүрэгчдийн ДАШТ-ий мөнгөн медаль (огцом өргөлт)
М.Анхцэцэг спортын замналынхаа 17 жилийн хугацаанд гурван Олимп, найман удаагийн ДАШТ-д оролцсон юм. Тэрбээр Бахрейны Манамад болсон ДАШТ-д Монгол Улсын дээд амжилтыг 91 дэх удаагаа шинэчлэн тогтоосон билээ.