ДУНДГОВЬ: 15 сумын эм эргэлтийн санг татан буулгахаар шийдвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-12-23 16:15:08
altantogos

Мандалговь, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ИТХ-ын ээлжит гуравдугаар хуралдаанаар 15 сумын "Эм эргэлтийн сан" ОНӨААТҮГ-ыг татан буулгах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.


Тодруулбал, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 80 хувийн саналаар суманд үйл ажиллагаа явуулж буй "Эм эргэлтийн сан" ОНӨААТҮГ-ыг 2024 оны 12 дугаар сарын 31-нд татан буулгахаар болжээ.


Аймгийн ЗДТГ-ын Санхүүгийн хяналт, дотоод аудитын хэлтсээс Эм эргэлтийн сангуудад хийсэн шалгалтаар өмнө нь ажил хариуцаж байсан ажилтнуудын өглөг, авлагыг барагдуулдаггүй, санхүүгийн тайлангаар алдагдалтай ажилладаг, хяналтын зөвлөл санхүүгийн хяналт хийдэггүй, эмийн сангуудын стандарт, шаардлагыг хангаагүй, мэргэжлийн бус хүн ажилладаг зэрэг зөрчил илрүүлжээ. Тиймээс сумын Эм эргэлтийн сангуудыг татан буулгах нь зүйтэй гэж үзсэн байна.


Эм эргэлтийн сангуудын үндсэн хөрөнгө болон эргэлтийн хөрөнгийг тухайн сумын ЗДТГ-т балансаас балансад шилжүүлж, татан буулгасны дараах үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг томилон ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Холбоотой мэдээ